Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.13/ Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээд байгаа энэхүү тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ын оролцоо, төлөөллийг жигд хангах, санал солилцох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна хэмээн хэлэлцүүлгийн эхэнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон юм.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, аж үйлдвэрийн бүтцийг өөрлөх хүчин зүйлийн талаар товч мэдээлэл хийж, ажлын хэсгээс боловсруулсан цаашид авах арга хэмжээний саналыг танилцуулсан.
Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамж багатай болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн манай улсын боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод өндөр технологи ашигласан бүтээгдэхүүний эзлэх хувь 1.5 орчим хувь байгаа нь олон улсын хэмжээнд нилээд доогуур үзүүлэлт юм. Эдгээр үзүүлэлт нь манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна хэмээн тэрбээр мэдээллийнхээ эхэнд хэлсэн.
Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, Засгийн газрын олон байгуулагад бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн болон тогтвортой бодлогогүй, удирдлага зохион байгуулалт сул, суурь судалгаагүй явж ирсэн нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж буй аж.
УИХ-аар хэлэлцүүлж буй бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгааг эрхэм гишүүн онцолсон юм.
Монгол Улс богино, дунд хугацаанд баялгийн нөөц ихтэй орон учраас баялгийг үр өгөөж өндөртэй ашиглах замаар Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр эдийн засаг тогтвортой өснө. Эдийн засгийн өсөлтийн гол сурвалж нь капитал, түүний хуримтлал, ажиллах хүчний мэрэгжил ба ур чадвар, технологийн хөгжлийн түвшин бөгөөд эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах цаг нь болсон гэж Д.Ганхуяг гишүүн хэлсэн. Тэрбээр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлнэ хэмээсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттогтох тогтоолын төсөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулсан. Тэрбээр, хуулийн төслийн нийтлэг үндэслэл, бодлогын зарчим, бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжүүлэх үе шатын талаар оролцогчдод мэдээлэл өгсний дараа хэлэлцүүлэг өрнөсөн юм. МҮХАҮТ, ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөл асуулт асууж, байр сууриа илэрхийлэхийн хамт, саналаа хуудсаар дамжуулан ажлын хэсэгт хүргүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.