Л.Пүрэвсүрэн: Гадаад бодлогод “Нэг цонх”-ны зарчмыг баримталж ажиллана

5842978fe8a536d88adcf6b9a481c8c0Төрийн бүх шатны байгууллага гадаадын улс орнуудтай нэг дуу хоолойгоор буюу гадаад бодлогодоо нэг цонхоор харилцаж ажиллах зарчмыг эн тэргүүний зорилт болгон хэвшүүлэхээр ажиллаж байна гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ ажлын хүрээнд УИХ, Засгийн газар, аймаг, нийслэлийн түвшинд гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах асуудлыг танилцуулан мөрдүүлж байна гэлээ.

Гадаад эдийн засгийн харилцааг зөвхөн Гадаад хэргийн яамаар дамжуулан хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжих зорилгоор тус яамны бүтцэд Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны газар байгуулжээ. Гадаад эдийн засгийн бодлогыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Гадаад хэргийн сайд томилогдсон байна. Энэ нь ОХУ, БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын хүрээнд ажиллаж байгаа дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг нэгтгэх, хөрш орнуудтайгаа хэрэгжүүлэх бодлогыг нэг цонхоор явуулахад чухал ач холбогдолтой гэж сайд хэллээ.

Гадаад хэргийн яамны бүтцэд Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрыг байгуулж, Монгол Улсыг гадаад улс, орнуудад сурталчлах ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Соёл, урлаг, өв, түүх, зан заншил, спорт, шинжлэх ухаан, нийгмийн талаарх мэдээллийг гадаад улс орнуудад түгээх замаар тухайн салбарын гадаад харилцааг дэмжиж, Монгол Улсыг гадаадад сурталчлах үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ.  Хилийн чанадад байгаа Монголын соёлын өвийг бүртгэх, судлах үндэсний хөтөлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академитай хамтран боловсруулж, хулгайлагдсан болон хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийг хамгаалах тухай олон улсын конвенцид нэгдэн орох бэлтгэлийг хангаж байна. Гадаад улс орнуудад ажиллаж байгаа Монгол судлалын төвүүд болон монгол судлаач эрдэмтдийг бодлогоор дэмжиж, гадаадын их, дээд сургуулиудад монгол судлалын анги, тэнхимийг шинээр нээх, үйл ажиллагаанд нь зайлшгүй шаардлагатай байгаа судалгааны ном хэвлэлээр хангах зорилготой ажиллаж байна гэж сайд хэллээ.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэд рүүгээ хандсан бодлогыг өргөжүүлж, тэдний үүсгэл санаачилгыг дэмжих цогц бодлого боловсруулж байна. Гадаадад суугаа иргэдэд туслах сангийн үйл ажиллагааг эрчимжүүлж 2015 он гарсаар тусламж авах хүсэлт гаргасан 28 иргэний хүсэлтийг судлан 43 сая төгрөгийн тусламж үзүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …