Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган өнөөдөр өглөө Төрийн ордонд эхэллээ. Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлсэн юм. Төрийн тэргүүний илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уншиж сонсголоо.
Ерөнхийлөгчийн илгээлтэд “Нөхөрлөлүүдийн Үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, чуулганы элч төлөөгчид өө!
Ногоон ирээдүйг бүтээгч бүтээлч иргэд ээ!
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Өнөөгийн дэлхийн улс орнууд том жижиг байх эсэх, хөгжлийн олон түвшин, нийгмийн өөр байгууламжууд, улс төрийн тогтолцоо, шашин соёлын олон хэлбэртэй байхаас үл хамааран хүн төрөлхтөн ногоон ирээдүйг байгуулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх түүхэн бөгөөд нэгдмэл сорилттой тулгараад байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын 2012 оны тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь нэн хурцдадмал асуудал болоод байгааг онцлон тэмдэглэж, дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж, байгальд илүү ээлтэй “ногоон” хэв загварт шилжихийг уриалсан байдаг. Энэ уриалгыг Монгол улс эрчим нь дэлхийн дунджаас хэд дахин давж гарсан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дээр хүний зохисгүй үйл ажиллагаа нэмэгдсэнээр байгаль орчин ихээхэн доройтож, байгалийн элдэв сөрөг үр дагавар нэмэгдсээр байгаа эрсдэлтэй орнуудын нэгийн хувьд талархан хүлээн авсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар би байгаль хамгаалах чиглэлээр онцгой анхаарч, төр хувийн хэвшил, иргэдийн санал, санаачилгыг дэмжиж ирлээ. “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр 48 дугаар зарлиг, “Олон нийтийн оролцоот хөгжил-“Хуримтлалын бүлэг”-ийн үйл ажиллагааг дэмжиж орон даяар өрнүүлэх тухай” 215 дугаар зарлиг, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хот, суурин газрын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх 178 дугаар зарлиг, дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөд улс орон, ард иргэдийн бэлэн байдлыг хангах 121 дүгээр зарлигаар Засгийн газарт чиглэл өгсөн нь эхнээсээ тодорхой үр дүнгүүд гарч байна. Сүүлийн таван жилд л гэхэд монголчууд одоогоор нийт 7,3 сая мод тариад байгааг сонсоход таатай байна. Цаашид монголчууд тарьсан моддоо ургуулах, арчилгаа тал дээр ойн нөхөрлөлүүд иргэд, байгуулагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах шаардлагатай байна.
Чуулганы төлөөлөгчид, ногоон баялаг бүтээгчид ээ
Байгаль хамгаалах 800 гаруй нөхөрлөлүүд үндэсний чуулганаа хийж, цаашдын зорилтоо тодорхойлцгоож нэгдмэл бодлоготой болох зорилтыг тавьж байгаад Төрийн тэргүүний хувьд би бүрэн дэмжиж байна. Энэ чуулганыг санаачлан зохион байгуулж байгаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд хувиасаа талархал илэрхийлье. Үндэсний чуулганы зочид, төлөөлөгчид Та бүхний анхаарлыг дараах зүйлүүдэд хандуулан, гаргах зөвлөмжиндөө тусган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.
-Байгаль хамгаалах уламжлалт соёлд суурилж орчин үеийн дэвшилтэт технологи, менежментийг нэвтрүүлсэн байгаль хамгаалах өөрсдийн өвөрмөц арга ухааныг нөхөрлөлүүд буй болгох нь чухал байна.
-Уур амьсгалын эрчимтэй өөрчлөлтийн эсрэг тэмцэлд иргэдийн санаачилгаар бүрдсэн бүлгүүдийн манлайллыг Засгийн газар хүлээн зөвшөөрч мэргэжил арга зүйн сургалтаар хангах, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх
– Мод тарьдаг, арчилдаг нөхөрлөлүүдийг үндэсний ногоон баялаг бүтээгч хэмээн тооцож урамшуулдаг урамшууллын системийг бий болгосоноор нөхөрлөлүүдийн тоог нэмэгдүүлэх
-Байгаль хамгаалах ажил нь дэлхий нийтийн түгээмэл соёл, бизнес учраас ижил үйл ажиллагаа явуулдаг гадаадын нөхөрлөлүүд, аж ахуйн нэгжүүдтэй монголын нөхөрлөлүүд холбогдох боломж сувагийг бий болгож туршлага, технологийг нэвтрүүлэх, харилцан ашигтай ажиллах нөхцлийг БОНХАЖ-ын яам бүрдүүлэх,
-Өсвөрийн байгаль хамгаалагчдын нөхөрлөл, дугуйлангуудыг олноор байгуулж, үндэсний сүлжээ үүсгэх, ирээдүй хойч үеийнхэндээ байгаль хамгаалах мэдлэг, өв уламжлалаа өвлүүлэх, оролцуулахад нөхөрлөлүүд манлайлал үзүүлж ажиллах зэрэг болно.
Монголчууд бидэнд нэг л ирээдүй бий. Энэ бол ногоон ирээдүй. Ногоон ирээдүйг бүтээх ажилд үндэсний манлайлал үзүүлж улмаар байгаль хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн үр ашигтай, бодитой, шинэлэг хамтын ажиллагааны шинэ хэлбэр бий болгоход энэ үндэсний чуулган онцгой ач холбогдолтой болно гэдэгт Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд бүрэн дүүрэн игэлтэй байна.
Монгол орны ногоон ирээдүй гэрэл гэгээтэй байг” гэжээ.