Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Холивудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монголд Холивудын түвшний киноны цогцолбор байгуулах талаар ярилцлаа.
Уулзалтад БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, “Hollywood film Academy”-ийн гэрээт төлөөлөгч “Cinemajic entertainment” компанийн захирал, продюсер Брэдли Хонг, Уолт Дисней компанийн харьяа ESPN, ABC, CBC, TS Turner Sport сувгуудыг үүсгэн байгуулагч, продюсер, Олимпийн зохицуулах продюсер Майкл Пёорл, Холивудын Тулааны урлагийн найруулагч, орлон тоглогч /Жет Ли, Жеки Чан, Жэйсон Стэдэм зэрэг Холивудын алдарт жүжигчдийн тулааны дасгалжуулагч. Карибын тэнгисийн дээрэмчид, Кун фу Панда, Оддын дайн гэх мэт уран бүтээлүүд дээр ажиллаж байсан/ Эрик Чан, Өвөр Монголын Киночдын нийгэмлэгийн тэргүүн Нин Чай, Монголын кино урлагийн зөвлөлийн тэргүүн Д. Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Эдгээр хүмүүс “Hollywood film school Mongolia” ХХК-ны урилгаар манай улсад ирээд байгаа юм.
“Hollywood film school Mongolia” ХХК нь Холивудын киноны сургуулийн сургалтын модулийг худалдаж аван Монголын кино урлагийн сургуулиудад нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгаж, БСШУ-ны сайдаас кино урлагийн сургалт явуулдаг төрийн өмчийн сургуулиудад дээрх модулийг нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн юм. Мөн Монголд Холивудын хэмжээний томоохон киноны цогцолбор байгуулж түүнийхээ харьяа кино урлагийн сургууль байгуулах, кино урлагийг дэмжих сан байгуулах, Уолт диснейг Монголд оруулж ирэхээр зорьж байгаагаа дуулган төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэхийг хүслээ.