“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал өнөөдөр Корпорейт зочид буудалд эхэллээ. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар үг хэллээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IXчуулганы үеэр Ази-Европын удирдагчид “Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад шинэ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэх мэдээлэл, туршлага солилцож, судалгаа шинжилгээний замаар эрчим хүчний хүртээмж, эрчим хүчний шинэ төрлийг дэмжих, эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг сайжруулах, ялангуяа хөгжиж буй орнуудад өртөг багатай, байгаль орчинд ээлтэй техник, технолог ашиглахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, шинэ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, техник,технологийг сайжруулан ашиглахад Засгийн газар, хувийн хэвшил, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын оролцооны ач холбогдолыг тодотгосон” юм.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2013 оны арваннэгдүгээр сард болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын XI уулзалтын үеэр энэ асуудлыг дахин хэлэлцсэн билээ.
АСЕМ-ын гишүүдын баталсан хамтын ажиллагааны санаачлагуудад Сэргээгдэх эрчим хүч, түүний бодлого, стратеги, сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, санхүүжүүлэх, технологийн шинэчлэлүүд орсон.
Бельги Улсын Брюссэль хотноо 2014 оны дөрөвдүгээр сард болсон Ази-Европын орнуудын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ахлах албан тушаалтан Сэргээгдэх эрчим хүчний хурал олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьсан юм. Үүний дагуу 2015 оны тавдугаар сарын 22-23 өдрүүдэд “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” хурал Улаанбаатар хотноо болж байна.
Хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийм 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцож байна.
Энэ хурлын зорилго нь гишүүн улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн, албан тушаалтнууд мэдлэг, туршлагаа харилцан солилцож, Ази-Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар хэлэлцэж, судалгаа шинжилгээний шинэ орчинг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Энэ хүрээнд:
· Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль эрх зүйн болон зохицуулалтын орчныг сайжруулах үүднээс Засгийн газар, холбогдох оролцогч талууд болон олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх;
· Ази-Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үнэлэх; Монгол Улс гишүүн улсуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэрэгцээ, үр ашгийг тодотгох;
· Хөгжиж буй улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд тулгарсан асуудал, бэрхшээлүүд болон боломжуудыг хянаж шинжлэх; үндэсний, дэд бүс нутгийн, бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, стратегийн зохицуулалтыг дэмжих зөвлөмжийн талаар тус тус хэлэлцэх юм.
“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурлыг
Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж байна.