Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ази, Номхон далайн “Рицүмэйкан” Их сургуулийн “Хүндэт доктор” цол гардууллаа

600x600 (1)Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор”-ын  цол гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Ази, Номхон далайн “Рицүмэйкан” Их сургуулийн захирал Ш.Коренага “Хүндэт доктор”-ын цолыг гардуулах  ёслолын үеэр хэлсэн үгэндээ:

Ноён Ерөнхийлөгч өө,

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг Ноён Цахиагийн Элбэгдорж Танд Рицүмэйкан Ази, Номхон далайн их сургуулийн Хүндэт Докторын цол олгож байгаа нь бидний хувьд асар их нэр төрийн хэрэг билээ.

“Эрх чөлөө, Энх тайван, Хүмүүнлэг ёс” гэсэн алсын хараа, үзэл санаанд үндэслэн байгуулагдсан Ази, Номхон далайн их сургууль нь нийт оюутнуудынхаа талаас илүү хувийг гадаадын улс орнуудаас сонгон шалгаруулж элсүүлдэг бөгөөд энэхүү зарчим нь Японд төдийгүй дэлхийн бусад их дээд сургуулиудад түгээмэл биш билээ. Манай сургууль үүсгэн байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд төгссөн нийт 5800-аад оюутны 2500 нь дэлхийн 80 орноос иржээ. Манай сургуулийн олон ургальч сургалтын орчинг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан нийт монгол оюутнуудад гүн талархал илэрхийлье.

Ази, Номхон далайн их сургууль 2000 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Монголын нийт 250 оюутан төгссөн бөгөөд одоогийн байдлаар Монгол улсаас ирсэн 25 оюутан суралцаж байна. Ази, Номхон далайн их сургууль нь Удирдлагын Академи, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль зэрэг Монголын гурван их, дээд сургууль, дөрвөн дунд сургуультай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Монголын Засгийн газраас оюутнуудаа байнга дэмжин ажилладагт гүнээ талархаж байна.

Ази, Номхон далайн их сургууль олон улсын тавцанд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэхийг эрмэлздэг. Манай оюутнууд өөр хоорондын соёлын ялгааг хүлээн зөвшөөрч чаддаг, бусдын эрхийг хүндэлж чаддаг, хамтын хүчээр жигүүрлэж хүссэн зорилгодоо хүрч чаддаг, бүс нутгийн анд нөхдийнхээ хамтач сэтгэлээр үнэт зүйл бүтээж чаддаг “дэлхийн иргэд” юм.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг бид “дэлхийн хүн” гэж үздэг. Тэрбээр ардчилсан хувьсгалыг 1990 онд энхийн замаар тэргүүлж, Монголд 70 жилийн турш ноёлсон коммунист дэглэмийг халахад онцгоё гавьяа байгуулсан билээ. Тэр үеэс хойш улс эх орондоо нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг эрчимжүүлэх олон даацтай асуудлыг санаачилж, удирдаж чиглүүлсээр байна.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн дэвшүүлсэн эрхзүйт ёсыг дэмжин сайжруулах, нийгмийн эрх тэгш байдлыг баталгаажуулах, ядуурлыг бууруулах, авилгатай тэмцэх, төр засаг, боловсролын салбарт иргэдийн оролцоотой ардчиллыг хөгжүүлэх зэрэг нэн тэргүүний зорилт, шийдмэг алхамуудыг дэлхий дахинд сайшаан магтаж байна.

Байгаль дэлхийтэй  ойр, нүүдэлчин ардын гэрт төрж өссөн болоод ч тэр үү Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж байгаль хамгаалах асуудлыг идэвхитэй дэмжиж ажилладаг бөгөөд тун саяхан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн “Эх Дэлхийн Манлайлагч” шагналыг хүртжээ.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалагч орны хувиар, Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ардчилал хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудад чухал ач холбогдол бүхий олон санаачилгыг дэвшүүлсэн.

НҮБ-ын 66-р Ерөнхий Ассемблейд түүний дэвшүүлсэн Авлигыг үл тэвчих болон Ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх санаачлагуудын ач холбогдол хэзээ ч дундаршгүй юм. Эдгээр санаачилгуудыг дэлхийн улс орнуудын тэргүүнүүд нэгэн дуугаар дэмжихээ мэдэгдэж байв. Үүнээс харахад Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхий нийтийн энхтайван, хөгжил дэвшлийн төлөөх Монгол улсын хүчин чармайлтанд Ази тив дэх ардчилал, боловсролын хөгжлийг нэн тэргүүний зорилтоо болгожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг Ноён Цахиагийн Элбэгдорж Танд чин сэтгэлийн угаас гүн талархал дэвшүүлж, эрхэм танаа Рицүмэйкан Ази, Номхон далайн их сургуулийн Хүндэт Докторын цол олгох хүндтэй үйлсийг биелүүлж байгаадаа маш их бахархаж буйг дахин илэрхийлсү.” гэж хэллээ.

 Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж талархлын үгэндээ “Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн ерөнхийлөгч, удирдлагууд, энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хатагтай ноёдын амгаланг айлтгая.

Нэр хүндтэй “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор” цолыг хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Хүмүүнлэгийн болон энхтайвны зорилгыг урдаа тавьсан Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн үйл ажиллагаа зөвхөн Япон улсад төдийгүй бүс нутагтаа нэр хүндтэй сургууль гэдгийг бид сайн мэддэг. 2000 оноос хойш Монгол Улсаас 250 оюутан энэ сургуульд суралцсан гэдэг нь үнэхээр бахархам сайхан амжилт юм. Мөн энэ их сургууль манай улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль болон бусад сургуулиудтай хамтарч ажилладгаараа онцлоготой.

Монгол Улсын ирээдүй бол эрдэм мэдлэгтэй, нээлттэй залуу үе гэж бид итгэж явдаг. Энэ ирээдүй үеийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар  их анхаарал тавьж байдгийг хэлэхэд таатай байна. Ер нь Япон улсад суралцсан, мэргэжил дээшлүүлсэн монголчуудын тоо хэдэн мянгаар тоологдоно. Хоёр улсын Засгийн газар 1000 оюутныг инженерийн мэргэжлээр Япон улсын их дээд сургуулиудад сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ нь Монгол Улсыг цаашид мэдлэгийн эдийн засаг руу, өндөр технологийн эдийн засаг руу шилжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Би өчигдөр болсон “Азийн ирээдүй” олон улсын хуралд оролцож үг хэлэхдээ “Азийн  НҮБ-ын гишүүн 48 орон нийлж хамтарч, нэгдсэн хамтын ажиллагааны байгууллагатай болох” санаачлагыг дэвшүүлсэн. Ази тивд оршиж байгаа  улсууд бие биенийхээ тусгаар тогтнож, сонгож авсан замыг хүндэтгэж, эрх тэгш байдлаар ярилцдаг олон улсын механизмыг Азид бий болгоё гэсэн санаачлагыг мөн дэвшүүлсэн. Энэ нь Азид аюулгүй байдал, энх тайвныг бататгах, яриа хэлцлийн замаар асуудлаа шийдэхэд үүрэг гүйцэтгэнэ гэж бид итгэж байгаа.

 Монгол Улсын зүгээс бүс нутагт оруулж байгаа бидний хувь нэмрийг үнэлж,  “Рицүмэйкан” их сургууль өнөөдөр нэр хүндтэй “Хүндэт доктор” цол олгож байгаа нь Монголын ард түмэнд олгож байгаа хүндэтгэл юм гэж би хүлээж авч байна. Цаашдаа хоёр орны боловсролын салбарын харилцаа улам өргөжих болтугай гэж ерөөе. Номын цагаан буян үргэлж дэлгэрч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа” гэж хэллээ.

Тус сургууль нь 1869 онд үүсгэн байгуулагдсан “Рицүмэйкан Академи”-ийн бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Жилд 20 000 оюутан шалгалтад ордогоос 3000 оюутан шалгаруулж авдаг. Олон улсын менежментийн сургууль, Ази,номхон далайн сургууль гэсэн хоёр салбар сургуультай.

 “Рицүмэйкан” Их сургууль нь 2006 онд Монголын Менежментийн Академи,2008 онд МУИС,ШУТИС-тай тус тус хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Улаанбаатарын Элит, Монгол-Туркийн хамтарсан ахлах сургуультай мөн хамтран ажиллаж байна.


Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …