БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гал түймрийн нөхцөл байдалтай танилцлаа-
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол,ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өчигдрийн ням гаригт Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газар буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 45 км-ын зайд Тарвагатайн зоо хэмээх газар гарсан ойн түймрийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгч, санхүүгийн болон эд материалын тусламж үзүүллээ.
Сүүлийн тав, зургаан жил ойн түймэр гараагүй уг газарт энэ сарын 22-нд бага зэрэг аянга цахилгаантай бороо оржээ. Хэт хуурайшсан ойн унангид аянга цахилгаан буусан нь гал гарах шалтгаан болсон гэж байгаль хамгаалагчид болон нутгийн иргэд ярьж байна. Түймрийн улмаас хушин болон шинэсэн 2000 орчим га ой шатжээ.
Түймрийг ОБЕГ-ын 70 гаруй албан хаагч, сум орон нутгийн болон Хан Хэнтийн дархан цаазат газрын байгаль хамгаалагчид гээд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласны үр дүнд цурманд орууллаа. Албаныхныг очих үед бага зэрэг бороо орж, байгаль дэлхий хураа хайрласан ч ойн түймэр тийм амар унтардаггүй учраас хоёр, гурав хоног манаж бүхэн унтраах аж. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар зургаан хэсэгтэй, нэлээд томоохон газрыг хамгаалдаг учраас байгаль хамгаалагчдад багаж хэрэгсэл хүрэлцдэггүй тухай тус газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад ярьсан. Хоёр, гуравхан хоногийн дараа буюу энэ сарын 27-нд Бурхан халдун хайрханаа тахих гэж бэлтгэл хангаж байтал түймэр гарчихлаа гэж мөн ярив.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймрийг унтраах үлээгч аппарат, мөнгөн болон хоол хүнсний тусламжийг байгаль хамгаалагчид болон ОБЕГ-ынхан, нутгийн иргэдэд өгсөн. ОБЕГ-ын дарга Т.Бадрал ч зарим багаж хэрэгслийн тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ он гарсаар Төв аймгийн нутаг дэвсгэрт 19 удаагийн, улсын хэмжээгээр 150 гаруй ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Эдгээрийн 90 гаруй хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс болж гарчээ.
Өнөөдрийн байдлаар нийт найман түймэр асч байгаа аж. Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Алтанбулаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Сэлэнгийн Алтанбулагт ойн түймэр гарч 16 хонож байгаа бөгөөд зургаан удаа цурманд оруулж,зургаан удаа буцаж алджээ. Энэ жил урьд өмнөх жилүүдээс асар их хуурайшилттай байгаагаас өмнөх жилүүдээс хоёр дахин олон гал түймэр гараад байна.
Тиймээс гал түймэр тавихаас цаг ямагт сэрэмжлэхийг БОНХАЖ-ын сайд, ОБЕГ-ын дарга нар ард иргэдэд анхааруулж байна.