50 иргэнийг нийгэмшүүлж ажлын байраар хангав

8314bd53da760011d5b996a85e1de2a1_LБаянзүрх дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож буй. Дүүргийн 50 жилээ ойгоо угтсан олон ажлыг тус дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаагийн нэг нь “Архины хамааралтай болон тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх” аян юм.

Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран зохион байгуулсан уг ажил нь хамгийн их тэнэмэл иргэдтэй 14 дүгээр хорооноос эхэллээ. 14 дүгээр хороонд “Нарантуул” худалдааны төв оршдог. Тиймээс зах даган ихээр бөөгнөрдөг архины хамааралтай, орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, тодорхой ажлын байраар хангах энэхүү хүмүүнлэгийн томоохон ажилд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм байна.

Арга хэмжээнд зөвхөн 14 дүгээр хорооны нутаг Нарантуул зах тойрч амьдарч байсан архины хамааралтай тэнэмэл 70-аад иргэн, “Эгэл амьдралын мөр” ТББ-т бүртгэлтэй 18 иргэнийг хамруулжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Баянзүрх дүүрэг 304 мянган хүн амтай, 87 мянган өрхтэй. Монгол Улсын хүн амын 11 хувь нь амьдарч байна. 28 хорооны 20 нь гэр хороолол. Хүн амын нягтаршил, ажилгүйдэл ихтэй. Дүүргийн Засаг даргын зүгээс дүүргийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө хийж байгаа ажлыг иргэд харж, мэдэж байгаа. Бид дүүргээ хөгжүүлж, иргэдээ амар тайван амьдруулахын төлөө улам их ажиллах ёстой. Мэдээж, дүүргийн хөгжил иргэдээс бас шалтгаалдаг.

Тиймээс энэ чиглэлд багагүй анхаарал хандуулж ажиллаж байна. Үүний нэг хэсэг нь “Архины хамааралтай, орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх сарын аян”. Манай дүүрэгт архины хамааралтай, тэнэмэл 1000 гаруй иргэн байдаг гэсэн бүртгэл байдаг. Бид эдгээр иргэдийг нийгэмшүүлж, нийгэмд хэрэгтэй, амьдралаа өөрсдөө аваад явах боломжтой болгох эхний алхамыг хийж байна. Тиймээс энэ ажилдаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн туслалцаа авсан. Хамтарч ажиллаж байгаа эдгээр байгууллага энэхүү тэнэмэл, архины хамааралтай иргэдийг шинээр амьдрахад нь туслах юм. Хүн ажилгүй зорилгогүй байхаар аливаа буруу зүйлд илүү татагддаг.

Энэ аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажилд хамрагдсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн хувьд эдгээр иргэдээр ажлын байраар хангаж, нийгэмд өөрийн байр сууриа олоход нь тусална. Мэдээж үүнд цагдаагийн байгууллага бас манай тамгын газраас үргэлж анхаарал тавьж хамтарч ажиллах болно. Өнөөдөр зохион байгуулж байгаа ажлын хүрээнд энд ирсэн 70-аад хүний 50 нь ажлын байртай болж байна. Эдгээр хүмүүсийн хоёр нь тодорхой хугацааны дараа цоо шинэ гэртэй болно. Энэ бол бидний зүгээс өгч байгаа бэлэг болно. ” хэмээсэн.

“Архины хамааралтай, тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх” аяныг эхлүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй тэмэнэл, орон гэргүй, архины хамааралтай 250-300 иргэн байдаг юм байна. Харин Баянзүрх дүүрэгт архины хамааралтай, орон гэргүй, тэнэмэл 1000 орчим иргэд байдаг аж.

Өнөөдөр зохион байгуулагдсан арга хэмжээнд “Ноён трейд” ХХК-ны захирал архины хамааралтай, орон гэргүй 10 хүнийг, дүүргийн Татварын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийтлэг үйлчилгээний газар 2, 3 болон Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Засаг даргын Тамгын газар тус бүр 1-3 иргэнийг нийгэмшүүлж, ажлын байраар хангахаар болж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Цагдаагийн I хэлтэстэй гурвалсан гэрээ байгууллаа.

Мөн “Давхар талст” ХХК нь хамгийн сайн нийгэмшсэн хоёр иргэнд тус бүрд нь таван ханатай монгол гэр өгөхөөр авчирсанаа дүүргийн Тамгын газарт хүлээлгэн өглөө. Дүүргийн Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Татварын хэлтэсээс тус бүр нэжгээд иргэдийг ажлын байраар хангаж, нийгэмшүүлэхээр боллоо.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …