Ватиканд гей-лобби байдаг тухай эртнээс яригдсаар ирсэн. Шинжээчдийн таамаглаж буйгаар кардиналуудын 300 хуудастай нууц баримтад Ромын томоохон гэгээнтнүүдийн дунд секс, авлига маш ихээр цэцэглэсэн тухай дурджээ. Үүний улмаас XVI Бенедикт Пап суудлаа өгсөн гэдэг. Гэгээн Петрийн суудалд ийм хүмүүс байдаг гэдгийг өнөөгийн Гэгээн эцэг ч баталжээ.
Ромын пап Франциск испаниар “Гей-лоббигийн талаар ярихад ийм зүйл байдаг нь үнэн. Үүнтэй тэмцэхэд бид юу хийх ёстойгоо харах хэрэгтэй” гэжээ. Ватиканы зүгээс үүнийг албан ёсоор батлаагүй ч Латин Америк, Карибын тэнгисийн бүсийн орнуудын шашны бага хурлын төлөөлөгчидтэй хийсэн хувийн уулзалтын үеэр сүмийн тэргүүний хэлсэн үгийг үгүйсгээгүй юм. Энэ мэдээлэл хамгийн анх Чилийн “Reflexion y Liberacion” интернэт хуудсаар тавигдсан. Хожим нь Чилийн төлөөлөгчид энэ нийтлэлийг гаргасныхаа төлөө Папаас албан ёсоор уучлалт хүсчээ.
Ватиканы асуудлаар мэргэшсэн Италийн нэрт сэтгүүлч Марко Полити “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа “Энэ үгийг би худал гэж бодож байна. Яагаад гэвэл Ватиканд хувийн ашиг сонирхолдоо хөдлөгдсөн бүлэг хүмүүс буюу гей-лобби байдаггүй. Гэхдээ ийм лобби өнөөдөр тэрхүү ариун дагшин гүрэнд бий болж магадгүй. Харин Ватиканд шашнаас хол амьдралын хэв маягтай “гей тойрог”, түүнчлэн Ватиканы эрх мэдэл бүхий бүлэглэлийн төлөөлөгчидтэй холбоотой гомочууд байдаг. Үүний зэрэгцээ энэхүү эрх мэдэл бүхий бүлэглэл нь бэлгийн чиг хандлагаа огт ил гаргадаггүй. Тэд зөвхөн засгийн төлөө тэмцэл явуулдаг бүлэглэлийн нэг хэсэг юм.
Харин пап Франциск энэхүү мэдэгдлээрээ “цэвэрлэгээ” явуулах бодолтой байгаагаа нийгэмд хүргэсэн байж болзошгүй. Энэхүү “цэвэрлэгээ” нь авлига, гетеро ба гомосексуалтай тэмцэх зорилготой” гэжээ.
Германы “FOCUS” сэтгүүлийнхний нууц эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд II Ионн Павел папын ойрын хүрээллийн буюу өндөр хэргэмийн хоёр гэгээнтэн гомосексуалын хэрэгт буруутгагдаж, үүний улмаас Понтифик огцрохоос өөр аргагүй болсон билээ. Энэ явдал өдгөө түүх болон үлджээ.
Харин өдгөө Латин Америкийн халуун цустай гэгээнтэн Франциск Бенедиктийн шашны сургаалын хулчгар профессорыг шахагдтал хатуу үг хэллээ. Энэ бол Франциск Ромын шашны ертөнцөд шинэчлэл хийхийг хүссэний илэрхийлэл юм.
Гэвч тэр эсэргүүцэлтэй тулгарчээ.
Хэдхэн сарын өмнө Пап Ромын католик сүмийг шинэчлэх, түүний удирдлагыг дэмжих санал авахаар найман кардиналыг урьж, уулзалт хийсэн. Тэрбээр өөрөө тийм ч сайн зохион байгуулагч биш гэдгээ энэ үеэр хүлээсэн.
Франциск папаар сонгогдоод 100 гаруй хоножээ. Гэвч тэрбээр өөрийгөө нэг ч удаа Агуу их понтифик хэмээн нэрлэж байгаагүй бөгөөд зүгээр л Ромын хамба гэж дуудуулдаг аж.
Тэр Папуудын өмсдөг улаан туфль, улаан өнгийн богино нөмрөг өмсдөггүй. Бас номлол айлдах үеэрээ ширээндээ залралгүй, хүрэлцэн ирсэн хүмүүсийн өмнө энгийн гэгээнтэн шиг зогсдог аж.
Пап өнгөрсөн сарын 23-ний үд дундын үед мөргөл үйлдэхийн өмнө Гэгээн Перийн талбайд цугласан 80 мянган сүсэгтэнд хандаж, “Урсгалаараа явахын эсрэг эр зоригтой байж, итгэл найдвараа бүү алд” гэж айлджээ. Харин Ромын католик сүмийн дотор болж буй үйл явдлын талаар Марко Полити “Франциск хэдийгээр хувьсгал хийж магадгүй ч Ватиканы өндөр хананы цаана шинэ папын эсрэг мөсөн салхи аль хэдийнэ үлээж эхэлжээ” гэжээ.