Нийгэм бужигнаад тогтворжиж чадахгүй байсан хүндхэн үед цагдаа, цагдаагийн байгууллага богино хугацаанд бие дааж хөл дээрээ зогсч чадсан. Тэгж яривал цагдаа урьдчилаад хийвэл зохих бүх өөрчлөлтийг хийчихсэн байхгүй юу! Одоо үүнийгээ сайжруулж засах л болохоос биш шинэчилж өөрчилнө гэж байхгүй. Яагаад гэвэл дэлхийн бүх цагдаа нэг жишигтэй байдаг. Бид дэлхийн цагдаагийн нэгдсэн жишигт багтаад орчихсон. Дэлхий даяар орчихсон шинэчлэлийг өөрчилнө гэж байхгүй, шинэчлэнэ гээд нэг их юм хийж чадахгүй нь саяхны цагдаад болсон завхрал илхэнээ харууллаа шүү дээ.
Өнөө цагт Африкт гарсан өвчин маргааш нь Азид юм уу Америкт гардаг болтлоо хүмүүс холхидог болжээ. Ийм учраас тэнд гарч байгаа хэрэг Монголд заавал гарна гэж хэлж болно. Иймээс аливаа эрсдэлд бэлэн, түүнээс хамгаалах, зогсоох, илрүүлэх дархлаатай байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд эрх зүйн шинэчлэл хийж байна гэж улсын тусгай албадын нэгдсэн бодлого, удирдлага, хүч чадавхи боломж бололцоог алдагдуулан бие даалгаж долоон хэсэг хуваасан шигээ цагдаагийн байгууллагыг 10 гаруй хувааж бүр сүүлдээ эрүүгийн цагдаа, мөрдөн байцаах албадыг хэд хэд задалж өөр өөр салбартай нэгтгэж ЗЦГ-ыг татан буулгаж ЦЕГ-ын даргыг жилд хэд хэд сольж мэргэжлийн ажилтнуудыг нь дамжуулан томилж хүч чадлыг нь тарамдуулсан.
Хэрэв эрх зүйн шинэчлэлт-өөрчлөлт хийе гэвэл Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай зэрэг суурь хуулиудаа шинэчлэх ёстой. Цагдаа бол татвар төлөгчдөд үйлчлэх төрийн үйлчилгээний байгууллага шүү гэдгийг хэн ч ойлгож байгаа. Гэхдээ сүүлийн үед цагдааг иргэншүүлнэ гэж ярьж тун буруу эргэлт хийлээ. Үүнээс шалтгаалж сүүлийн үед цагдаа бол иргэний байгууллага, иймээс иргэн-иргэнтэйгээ харьцаж байна! гэж цагдаагийн ажилтны хувцас, формыг урж, эрх чөлөөнд нь халдах нь олширлоо. Тэгвэл цагдаа жагсдаг, ёсолдог, цол авдаг, дүрэмт хувцас өмсдөг байх ёстой. Энэ бол цагдааг дүрэмжүүлж, цог жавхаажуулж, байдаг чухал зэвсэг гэдгийг анхаарвал зохино. Гэтэл цагдаагийн хувцсыг гадаадын орны цагдаагийн адил шинэчилж загварыг өөрчилж байгаа нэрээр алсын Турк улсын хаягдал материалаар үйлдвэрлэсэн олны нүдэнд дасахгүй, ажилтнуудын үйл ажиллагаанд нийцэхгүй эд зүйл авчирч “шахсан” нь хүртэл хэдэн цагдаагийн хөлсийг нэвчээж, хөлийг шивэртүүлж орхилоо. Нөгөө шинэчилсэн хувцас нь индүүдлэгээрээ язарч байгааг хүртэл хүүрнэж халаглаж сууцгаана. Цолны журмыг дур зоргоороо өөрчлөн 50 шахсан дэслэгч хорин хэдтэй хурандаа олонтой болгосон харалган бодлого нь цагдаагийн болон иргэд олон түмний сэтгэл санааг цочирдуулж гайхшралд оруулсан. Бүх шатанд тухайлсан мэргэжлийн боловсон хүчнийг хүртэл халж сольж байгаагийн гадна улс дэлхийд алдартан төрүүлж цагдаагийн албаны бие бялдрыг хөгжүүлэх, соёл, ёс зүйг ахиулахад туслаж байсан цагдаагийн урлаг, спортын бие даасан салбаруудыг устгасан.
Цагдаагийнхан үзүүлэх эмнэлэггүй үлдэж дүүрэг, хорооны төлбөртэй эмнэлэг рүү очерлох боллоо. Ингэж ёстой л дураараа бужигнуулах шиг боллоо! Тэтгэврийнхэн эрс залуужиж бас тоо нь олширч ахилаа. Харин сүүлийн үед цагдаагийн байгууллагад томилогдсон шинэ удирдлагууд энэ байдалд дүгнэлт хийж тулд мэргэжлийн нүдээр харж багагүй зүйл хийж үр дүнд хүргэхийн төлөө зүтгэж байгааг ахмад үеийнхэн ажиглаж сууна. Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуульч хүний хувьд ноён нуруутай хандаж байгаад талархаж байна. Тэд мэргэжлийн хүний хувьд зөв дүгнэлт хийж цолны будлианыг арилгаж олон түмний эргэлзээг арилгав.
Юу ч гэсэн хуульч, эрх зүйч, хууль сахиулагч гэсэн олон төрлийн нэртэй болчихсон мэргэжилтнүүдийнхээ учрыг олох, бүтэц зохион байгуулалтын зарим хатуу бодлогыг цэгцлэх, хувцас формыг өөрчлөн нэгдсэн зөв бодлогод оруулахад ихээхэн анхаарал хандуулж зохих ажил өрнүүлж эхэллээ.
Албадыг бие биенээс нь давамгай эрх дархтай болгох гэсэн оролдлогоор эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах албыг нэгтгэн байгуулсан “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар”-ыг татан буулгаж Эрүүгийн болон мөрдөн байцаах албадыг салгаж биеийг даалган Замын цагдаагийн газрыг байгуулан ажиллаж эхэлсэн нь иргэд олны талархал хүлээж байна. Мөн төв, орон нутгийн цагдаагийн газар, дүүргүүдийг бэхжүүлэх, төвийн бүтэцийг багасгаж зарим орон тоог нэгж рүү шилжүүлэх зэрэг багагүй ажлыг богино хугацаанд цэгцлээд авлаа. Зөв өөрчлөлтийг хүмүүүс дэмжиж байна.
ЦЕГ-ын Ахмадын хорооны дарга,
“Амар тайвны төлөө” холбооны ерөнхийлөгч,
профессор Л.Билгээ