…Афинa Крюгерын ажил үйлс нь урагштай, сайхан ханьтай болж анхны хүүхдээ тээн бөөн бөөн аз жаргалд умбаж байтал нэгэн таагүй мэдээ сонсох өдөр ирэх байжээ. Жирэмсний 15 дахь хоног дээр шинжилгээ өгөхөд түүнд хөхний хавдар илэрсэн болохыг эмч түүнд дуулгасан байна. Хими эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас охиноо төрөхөөс нь 2 сарын өмнө кесарев хагалгаа хийлгэн төрүүлжээ. Хөөрхөн охиндоо ээж аав нь Амари буюу “Бурханы үнэт бэлэг” хэмээсэн утгатай нэр хайрласан байна.
Хавдрын эсрэг эмчилгээ үр дүнгээ өгсөнгүй Афинагийн хавдар бусад эрхтэнд тархаж эхэлжээ… Харин Афина тайван байж өөрийн сүүлчийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэн хайртай охиныхоо нэг насны ойн өдрийг тохиолдуулан өөрийн төрөл төрөгсөд ойр дотны хүмүүстээ зориулан гайхамшигтай үлгэрийн баяр хийхээр зорин тэмүүлжээ. Афина энэ үдэшлэгийг зохион байгуулах үедээ өвчний хүнд шатанд орсон байсан ч сэтгэлийн асар их тэвчээр гарган үдэшлэгээ “Алиса Гайхамшигийн оронд” үлгэрээр сэдэвчлэн зохиожээ. Үдэшлэгт 300 гаруй зочид ирж энэхүү гайхамшигт орноор аялсан байна. Эмч нар бүсгүйг эмнэлгээс гаргахыг хүсэхгүй байсан хэдий ч түүний өөрийн хайртай охин нөхөр, ойр дотны хүмүүстэйгээ энэхүү хамгийн чухал өдөр хамт байх гэсэн их хүсэл тэмүүлэлийг хориглох зүрх зориг байсангүй.
Alisa, Hatter нарын дүрд хувилсан ээж аав хоер баярт ирсэн зочдоо угтан авч үлгэрийн орноор зочлуулсан төрсөн өдрийн үдэшлэг хэзээ ч мартагдахын аргагүй сайхан болж өнгөрчээ. Баярын дараахь өдрийн маргааш нь 33-настай Афина өөрийнхөө гэрт ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэл дунд байж хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Гэхдээ тэр хамгаас хайртай охиныхоо анхны баярыг зохион байгуулан хамт баярлаж жаргах гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан юм.
“Тэрээр тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, гунигаа нуун харцаа гэрэлтүүлэн хамгаас жаргалтай байгаагаа харуулж байсан. Өнөөдөр хүнд хэцүү уйтгар гунигтай ч, маргааш нар мандаж орчлонг гэрэлтүүлэн уйтгар гуниг арилан одож бидний амьдрал сайхан бүхний төлөө тэмүүлэн үргэлжилнэ гэсэн нь Афинагийн минь хүсэл юм” гэж түүний нөхөр Бен хэлжээ. Одоо Бен охиноо асран халамжлахын сацуу эхнэрийнхээ эхлүүлсэн хөхний хорт хавдрын эрт оношлогоо, эмчилгээ сэргийлэлтийн талаар олон нийтэд зориулсан эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох ажлыг үргэлжлүүлж байгаа ажээ… Ээж бүхэн үр хүүхдээ аз жаргалтай байхыг харах хамгийн сайхан мөчийг шүд тэсвэрлэн туулсан Афинагийн түүх хүндээр өвдсөн олон арван эхчүүдэд сэтгэлийн хат, үлгэр дуурайлал болжээ.
Baatar Batkhuyag