ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АМЬДРАХ УХААН ТӨВИЙН
ТЭРГҮҮН С.ЧУЛУУНБААТАР ТАНАА
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр төр засгийн байгууллага, аймаг орон нутаг, аж ахуйн нэгж компаниуд, айл өрх бүр хүүхдүүд, бяцхан үрсээ баярлуулан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Гэтэл энэхүү баярын өдрөөр буюу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 14.20 минутад ЕТV телевизийн Тод зочин хэмээх ярилцлагын нэвтрүүлэгт Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн тэргүүн С.Чулуунбаатар оролцохдоо “……. хурдан морины хүүхэд амь насаа алдаж байна. Сүүлийн 10 гаруй жилд 1000 шахуу хүүхэд амь насаа алдлаа …” гэсэн мэдээллийг олон нийтэд цацлаа.
ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээр уралдаанч хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах явдал бөгөөд уралдаанч хүүхдэд спортын цол, зэрэг олгох, хамгаалалтын хувцас хэрэглэлийн улсын стандартыг боловсруулан, стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэл өмсүүлж хэвшүүлэх, даатгалын системийг боловсронгуй болгох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн байгууллагын төлөөллийг хурдан морины уралдааны зохион байгуулах комисст оруулах, сургалт семинар зохион байгуулах, Уралдаанч хүүхдийн хөгжлийн сан байгуулах зэргээр тодорхой ажлуудыг санаачилан төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн тэргүүн С.Чулуунбаатар Та хаана хэдэн онд ямар уралдаан наадамд Таны ярьсан 1000 шахуу уралдаанч хүүхэд эндсэн талаархи тоо баримтаа ажлын 3 хоногт багтаан монголын уяачид, малчид, олон нийтэд гаргаж тавихыг шаардаж байна.
Хэрэв энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Монгол улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагад хандах болсноо үүгээр мэдэгдэе.
ММСУХ-НЫ АЖЛЫН АЛБА