Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан баярын хурал Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг баярын хуралд оролцож, хүүхдийн байгууллагын үе үеийн багш, зүтгэлтнүүдэд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, талархал илэрхийллээ.
Таван жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан “Залгамжлагч V” чуулганыг удирдан явуулсан зэрэг хүүхэд насны минь олон сайхан дурсамж энэ байгууллагатай холбоотой гэж Ерөнхий сайд хэллээ.
Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн нь тухайн цаг үеийнхээ тусгал байдаг. Хүүхдийн байгууллага бол амьдралын асар том их сургууль, том тогтолцоо болж хөгжиж ирсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд шинэ үеийн хүүхдийн байгууллага, хөдөлгөөнийхэн дараах зүйлүүдийг эрхэмлэн ажиллахыг зөвлөлөө.
Зохион байгуулалтын хэлбэрээр дамжуулан амьдрах ухаан зааж, монгол ахуй, монгол зан заншил, монгол соёлыг хүүхдүүдэд түгээх учиртай гээд Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-наас “Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд болгоны авьяас, онцлогийг нээхийн төлөө ажиллаж байна.
Хүүхэд болгон бахархан дууриах хүнтэй, ийм итгэл үнэмшлийг бий болгох, зөв, сайн хүн төлөвшүүлэхийн төлөө хичээж ажиллах ёстой гээд профессор Марк Льюсийн “Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг өөрөө өөртэйгөө өнгөрүүлнэ. Өөртөө таалагдахгүй бол амьдралынхаа дийлэнх хугацааг өөртөө таалагддаггүй хүнтэй өнгөрүүлэх болно” гэсэн ишлэлийг татлаа.
“Бид шинэ үнэт зүйлтэй болох ёстой. Хуучин нийгэмд байсан үнэт зүйлүүдийг ардчиллын үнэт зүйлүүдтэй холбох, хүүхэд өөрөө өөртөө эзэн нь болж төлөвшихийн утга учир юу байх юм гэдгийг бид энэ үнэт зүйлээр илэрхийлэх учиртай. Энэ бүхэн нь дан ганц хүүхдийнх биш багийн тоглолт, хамт олон бүрдүүлэх тухай асуудал юм. Хамт олон, зөв бүтэц, зохион байгуулалтаар дамжсан хүүхэд ирээдүйн нийгмийн зөв зүтгэгч, зөв гишүүн болж төлөвшинө” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүүхдийн байгууллагын үе үеийн зүтгэлтнүүдэд хандаж хэлсэн үгэндээ онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.