Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан аймаг бүрт орон сууц барих зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт 1500 айлын орон сууцны барилга барих төслийг БНХАУ-ын “Сан Еэ” группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн талаар тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Энэ төслийг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар дэмжиж, орон нутгийн зах зээлийн багтаамжид үндэслэн, барилгын норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн, мэргэжил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарт тус тус даалгалаа.
Тус аймгийн төвийн нийт өрхийн 30,4 хувь нь тохилог орон сууцаар хангагдсан ч энэ нь хангалттай үзүүлэлт биш юм. 1500 айлын орон сууцны хороолол барих энэ төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх ажээ.
Гүйцэтгэгч компани нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар энэхүү хорооллыг барих бөгөөд “түлхүүр гардуулах нөхцөл”-өөр Сүхбаатар аймагт хүлээлгэн өгөх бөгөөд орон нутаг захиалга авах болон борлуулалтын ажлаа хариуцах юм байна.