Хүнс,хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох болон махны экспортын талаар хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан салбарынхан дундаа хэлэлцүүлсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болоод байгаа юм байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрсөө сайжруулах, хамгаалах, тариаланчдын газар эзэмших хугацааг уртасгах, газрын гэрчилгээгээ барьцаалж зээл авах боломжуудыг нэмж тусгажээ.
Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн, 125-165 морины хүчин чадалтай 132 трактор, 90 чиргүүл, үр тарианы 48 комбайныг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр оруулж ирж 40 гаруй тракторыг тариаланчидад хөнгөлөлтэй зээлээр буюу жилийн хоёр хувийн хүүтэйгээр өгч эхлээд буй аж.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг 2015-2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Энэ хүрээнд олон улсын худалдааны хорио цээрийн нөхцөл шаардлагыг хангасан хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулах аж. Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдэх юм байна.
Түүнчлэн мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетикийн тухай хууль, органик хүнсний тухай хуулийн төслүүдийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн бөгөөд УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.
Мах махан бүтээдэхүүнийг Хятад, Орос улсаас гадна гуравдагч оронд нийлүүлэх гэрээ хэлэлцээрүүд амжилттай хийгдэж буй бөгөөд Араб, Японд мах нийлүүлэхээр болсон байна. Энэ жил 4,4 мянган тн мах экспортлох квоттой бөгөөд одоогийн байдлаар 1400 тн махыг экспортолжээ.
Мөн ХХААЯ малын хулгай, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах-109” дугаарыг ажиллуулахаар төлөвлөжээ. Лавлах утас үнэ төлбөргүйгээр ажиллаж, ирсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулах юм байна. Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн зөвлөлгөө хүргэж байх аж.