Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.06/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд угтан авлаа.
Тус аймгийн Засаг дарга С.Бүрэнбат аймгийнхаа цаг үеийн асуудлаар танилцуулга хийсний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймгийн удирдлагуудаас хил, гаалийн зөрчил, өнөөдрийн нөхцөл байдал болон 1000 айлын орон сууцны хөтөлбөрийн талаар асууж сонирхов.
Өнгөрсөн онд “Сэлэнгэ-Ногоон бүс” хөтөлбөрийг боловсруулан гаргаж, Сэлэнгэчүүдийнхээ идэвхи оролцоо, сэтгэл зүтгэл, хамтын үр нөлөө, хүчин чармайлтаар манай аймаг “Ногоон-Сэлэнгэ” хөдөлгөөнийг өрнүүлсэн. Мөн Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 2015 оныг “Иргэн таны төлөө ажиллах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд сумдууд өөр өөрийн онцлогт нийцсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” уриан дор зохион байгуулсан бөгөөд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газар дээр нь иргэдэд нэг цэгээс чирэгдэлгүй хүргэдгээрээ онцлогтой болсныг аймгийн удирдлагууд онцоллоо.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт түрээсийн орон сууц, залуу гэр бүлд зориулсан орон сууцны асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан хэлэхдээ, Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал, Сүхбаатар суманд нийт 720 гаруй айл шинээр орон сууцанд орсон бөгөөд цаашид иргэдийн хэрэгцээ нэмэгдвэл шинэ орон сууц барих боломж байгаа гэв. Мөн 64 айлын “Залуус хороолол” болон бусад шинэ орон сууц барих бүтээн байгуулалтын ажлууд графикийн дагуу хийгдэж байгаа талаар мэдээлэв. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлэхдээ шинээр орон сууц баригдахын зэрэгцээ бид дэд бүтцийн асуудлыг давхар шийдэж ажиллах хэрэгтэй байгаа гэв.
Улсын Их Хурлын дарга аймгийн удирдлагуудад УИХ-аар хэлэлцэж байгаа болон батлагдсан хуулиудын ач холбогдлын талаар ярилаа. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа бөгөөд хууль удахгүй батлагдана гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцсоны дараа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтийн арга хэмжээг нээж үг хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2013 оны 3 дугаар сард УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд олон ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн байна. Нэгдүгээрт,Сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгож байна. 2013-2014 онд улсын хэмжээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүнээс тус бүр 2, Монголын Нутгийн удирдлагын холбоо, Монголын Баг, сумдын үндэсний холбооноос тус бүр 10, нийт 62 сургагч багшийг сургаж бэлтгээд байна.Хоёрдугаарт, Сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг гаргаж байна. Тухайлбал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчин, ногоон хөгжил, Хүний эрх ба жендэр зэрэг сэдвүүдээр 24 цагийн сургалтын хөтөлбөр, дагалдах гарын авлагын хамт боловсруулсан байна. Мөн энэхүү сургалтын хоёр дахь шатны сургалтын агуулга, хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хурлын төлөөлөгчийн Манлайлал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох, Судалгаа хийх арга зүй, ИТХ-аас бусад байгууллагуудтай харилцах зэрэг сэдвүүдийг боловсруулж, өнөөдрөөс та бүхэнд энэ сургалт явагдах гэж байна. Гуравдугаарт, Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт явуулж байна. Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг иргэдийн Төлөөлөгчдийн 361, Хурлын 8000 гаруй сонгуульт төлөөлөгчдөд хүргэж, хамрагдалт 85.5 хувьтай болжээ. Судалгаанаас үзэхэд нийт оролцогчдын 69.5% нь сургалт маш чухал ач холбогдолтой байсныг онцолсон бол 30.5% нь хэрэгцээтэй сургалт байсан гэж үзжээ. Энэ жил зохион байгуулагдах хоёрдахь шатны сургалтанд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар нийт 3000 орчим хүн хамрагдана. Дөрөвдүгээрт, Эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 21 аймаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс 30 сургагч багш бэлтгэсэн байна. Мөн уг сургалтыг өнгөрсөн жил 5 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заасан бөгөөд энэ жил үлдсэн 16 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заахаар “МонФемНет” байгууллага төлөвлөж, Өвөрхангай аймгаас сургалтаа эхлүүлээд байна. Ингэснээр бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2084 төлөөлөгч эмэгтэйчүүд бүрэн хамрагдана гэв.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлэхдээ, УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төслийн сургалтын үйл ажиллагаанд оролцож буй нь арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч буй хэрэг юм. Өнгөрч буй долоо хоногт Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг бид Улаанбаатар хотноо хийлээ. Энэхүү хуралдааны үеэр Сэлэнгэ аймаг шилдэг аймаг болсон. Энэ нь Сэлэнгэчүүд та бүхний хөдөлмөрийн үр дүн юм гэлээ. Мөн тэрээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй хуулиудын талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өглөө.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн Үндэсний удирдагч Б.Болдбаатар сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, энэхүү төслийн зорилго, хүрэх гол үр дүн нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгоход оршиж байна. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургалтад хамруулж, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. УИХ-ын Тамгын газар уг төслийн үндэсний хэрэгжүүлэгчээр нь ажиллаж байгааг хэллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд одоо Сэлэнгэ аймгийн Засаг дарга агсан, төр, нийгмийн зүтгэлтэн, Хөдөө аж ахуйн ухааны доктор, Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн Г.Төмөрбаатарын нэрэмжит гудамжны нээлт, хүндэтгэлийн самбар байрлуулах ёслол болон номын нээлтийн үйл ажиллагаанд оролцож байна.
Улсын Их Хурлын даргыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.