Баянговь сумын малыг 100 хувь эрүүлжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийг 2 жилийн хугацаанд “Говийн сэргэлт” сан ТББ өөрийн 100 сая төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр Баянговь сумын мал сүрэг эрүүлжээд зогсохгүй тус сумаас эрүүл малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд иргэдийн гар дээр очих боломж нээгдэж байна. Түүгээр ч зогсохгүй гадаадын аль ч улс оронд экспортлох боломж бүрдэх юм.
Баянговь сум нь Улаанбаатар хотоос 800 км-ийн зайд оршдог бөгөөд Хэлтгий булаг, Өрхт, Залаа, Цоохор, Өргөн гэсэн таван багтай алслагдмал сум юм. Нийт өрхийн 60-70 хувийг мал бүхий иргэд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд нийт төл малыг оролцуулан 200.000 орчим толгой малтай. Үүнээс 90 гаруй хувийг бог мал дангаар эзэлж байна. Харин жил бүр малыг янз бүрийн паразит шимэгч, өвчлөлгүй болгож 100 хувь эрүүлжүүлэхэд малчдын хувьд төлбөр мөнгөний асуудал хүнд тусдаг байна. Тухайлбал, 500 малтай айл сүргээ бүрэн хэмжээнд эрүүлжүүлэхэд 400 мянган төгрөг, 1000 малтай айл 1 сая орчим төгрөгийн зардал гаргадаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар малчдын дунд нэг дор малаа бүрэн эрүүлжүүлэх малчин өрх тийм ч их биш байна.
Хэдийгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянговь сумын хэмжээнд мал сүрэг эрүүлжүүлэх ажлыг үе шаттай хийж ирсэн боловч тодорхой үр дүн бага байсныг албаны хүмүүс хэлж байна. Энэ нь төсөв санхүүгээс гадна өөр бусад хүчин зүйлтэй холбоотой. Иймд дээрх төслийг малчдад үнэ төлбөргүйгээр 2 жилийн хугацаанд зохион байгуулж эхэлсэн нь малчдад томоохон хөрөнгө оруулалт болж байна.
“Говийн сэргэлт” сангаас хэрэгжүүлж буй уг төсөл Баянговь сумын мал бүхий нийт өрхөд хүрч ажиллах зорилго тавин ажиллаж байгаа юм. Ингэхдээ мал эрүүлжүүлэх 4 төрлийн цогц үйлчилгээг АНУ-аас оруулж ирсэн тусгай багаж төхөөрөмж, тарилга уусмалыг оруулж ирсэн байна. Мөн эрүүлжүүлэлт хийх мэргэшсэн боловсон хүчин, тусгай техник, хувцас хэрэгсэл, машин, шатахуун түлш, цалин хөлсийг “Говийн сэргэлт” сан гаргаж байгаа юм байна. Тэд 2 жилийн хугацаанд тус сумын мал сүргийг эрүүлжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллахаар болж байна.