Манай улсын олон мянган иргэд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байдаг. БНСУ-д л гэхэд 2015 оны 03 дугаар сарын байдлаар 25158 Монгол иргэд байгаагийн дийлэнх нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад болон оюутан залуучууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд оршин суудаг. Үүний дотор амьдарч, өсч торниж буй Монгол хүүхдүүдийн тоо 2952, мөн Олон соёлт гэр бүлд өсөж хүмүүжиж буй хүүхдүүдийн тоо 2644 байна.
Эдгээр БНСУ-д ар гэрээсээ хол ажиллаж амьдарч буй Монгол иргэд маань гэр бүлийхнээ үгүйлэн санавч, амьдралын эрхээр хүний нутагт оршин сууж, ажиллаж хөдөлмөрлөсөөр байна. Үүний гол шалтгаан нь 1990 оны сүүлээр Монгол орон зах зээлд шилжих үеэс эхлэн эдийн засаг, нийгмийн олон шалтгаанаас болж ар гэрээ орхин БНСУ-ыг зорьсон явдал юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харъяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс “Хүүхдийн баяр БНСУ 2015” баярыг Халуун сэтгэл БНСУ дахь залуусын нэгдэлтэй хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 250 орчим Монгол хүүхэд эцэг эхийн хамт оролцсон бөгөөд нийтдээ 400 орчим Монгол иргэдийг хамарсан үйл ажиллагаа болж өнгөрлөө. Баярт ирсэн хүүхэд болон ээж бүрт гарын бэлэгтэй байсан бөгөөд хүүхдүүдийн дунд, Монгол дуу, шүлгийн уралдаан, гар зургийн уралдаануудыг насны ангилалтайгаар амжилттай зохион байгуулсан. Хүүхдүүд маань ч идэвхтэй оролцсон.
Бидний зохион байгуулсан үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж ажилласан нийт байгууллага, иргэддээ тэдний үр хүүхдүүдэд нь БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн нийт ажилтануудаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргье.