ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДМААР ЦАГААН ЭСГИЙН ЁСЛОЛ БОЛНО

DSCN2701 Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг 07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.БАТТУЛГА-аас тодрууллаа.

“Дээлтэй Монгол” наадам болох гэж байна. Энэ жилийн наадмын онцлог юу бэ. Наадмын хүрээнд ямар арга хэмжээг зохион байгуулж байгаа вэ?
– Үндэсний баяр наадмын хөтөлбөрт “Дээлтэй Монгол” наадам багтсан байдаг. Энэ наадам анх 2006 онд зохион байгуулагдаж, үндэсний хувцастай 200 оролцогч оролцож байсан бол 2012 онд 12000 иргэн үндэсний хувцасаараа гоёж оролцсон. Жилээс жилд наадмын цар хүрээ өргөжиж, оролцогчдын идэвхи нэмэгдэж байгаа. 2013 оны наадмын онцлог гэвэл зохион байгуулалтын хувьд нэлээд өөрчлөлт орж байгаа. Мөн оролцогчдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Өмнөх жилүүдэд зөвхөн үндэсний хувцсаар гоёсон иргэд оролцдог байсан бол энэ жилээс Монгол гэр, хувцас болон үндэсний соёлын бүтээгдэхүүн, соёлын эд хэрэглэл үйлдвэрлэгчид оролцож, бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргана. Мөн “Цагаан эсгийн ёслол” зохион байгуулж, үндэсний хувцсаар гоёсон урлаг соёлын алдартнууд оролцох юм.
Жуулчдад зориулсан тусгай хөтөлбөр бий юу? 
– Жуулчид Монгол наадмыг зорин ирдэг учир 7-р сар бол жуулчны ирэх оргил үе байдаг. Энэ жил өмнөх жилүүдээс олон жуулчин ирэх төлөвтэй байна. Тиймээс жуулчдын  сонирхлыг татах үүднээс Монгол гэрийн бодит байдлыг харуулсан гэр музейг Хүй долоон худагт байгуулж, “Монгол номадик” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ жилийн  наадмын гол онцлогуудын нэг нь анх удаа  “Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч” шалгаруулах юм. Энэ шалгаруулалтыг аялал жуулчлалын байгууллагуудын хүсэлтийн дагуу оруулсан.
Түүнчлэн “Тал нутгийн марафон” гүйлт болох бөгөөд нүд алдам тал дээр жуулчид уралдах юм. Мөн жуулчдад зориулан зохион байгуулагдах бүхий л арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан цагалбарыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас гаргаж, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад тараасан байгаа.
– “Дээлтэй Монгол-2013” наадамд оролцох хүсэлтэй хүмүүст хандаж юу хэлэх вэ? 
“Дээлтэй Монгол” наадам нь дотоод, гадаадын бүх иргэдэд нээлттэй наадам. Тиймээс 07 сарын 13-ны өдөр үндэснийхээ дээлээр гоёж, үр ач, ах дүүс, ураг саднаараа ирж оролцохыг урьж байна. Нийт 7 төрлөөр шилдэг оролцогч шалгаруулах бөгөөд шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд иргэний үнэмлэх, 2 хувь цээж зурагтайгаа авчирч, Нийслэлийн Аялал жуулчлалын газарт ирж бүртгүүлээрэй.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …