Энэ жилийн автозамын бүтээн байгуулалтаар олон жилийн насжилттай, эвдрэл гэмтэл ихтэй зуслангийн замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу нийслэлчүүдийн зуслан руугаа зорчдог Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил өчигдөр эхэллээ. Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замыг 1982-1985 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд ашиглалтад орсноос хойш өнөөдрийн хүртэл урсгал засвар болон шинэчлэлтийн ажил огт хийгээгүй байна. Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх хэсгийн авто замын хөдөлгөөнийг 06 дугаар сарын 09-нөөсс 07 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл хааж хиймэл байгууламжийн ажил хийнэ. Тиймээс хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчино уу. Зам хаасан бүсийн иргэдэд түр зам ашиглаж бага оврын нийтийн тээврийн автобусаар үйлчилнэ. Энэ үеэр иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөж байна гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.