П.Шинжээравдан: Ноён уулын төлөө тэмцэхэд Ерөнхийлөгч дэмжээгүй харин ч доромжилсон

jpg791488128201506100030Гацууртын ордын  34 хувийг төр, 66 хувийг  “Сентерра Гоулд Монголиа” ХХК эзэмшихээр болж, асуудлыг  УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж эхлээд байгаа. Уг асуудалд  УИХ дахь  нам, эвслийн бүлгүүд  зөрүүтэй саналтай байгаа.

Тиймээс  МАН өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр  мэдээлэл авах хэрэгтэй байна гэдэг үндэслэлээр   завсарлага аваад байна.
Тэгвэл  энэ асуудлыг анхнаас нь эсэргүүцэж байсан  “Босоо Хөх Монгол”  бүлгэм  энэ сарын 13-ны өдөр  Ноён уулыг тахих гэж байгаа бөгөөд  ухуулах талаар санах ч хэрэггүй гэсэн байр суурьтай байна.  Энэ талаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдантай ярилцлаа.

– Гацууртын ордын  34 хувийг төр, 66 хувийг  “Сентерра Гоулд Монголиа” ХХК эзэмшинэ гэх асуудал  УИХ дээр яригдаад эхэллээ.  Үүн дээр таны бодол?

– Бид нар хэдэн хувийг нь авсан ч байсан ч, Монгол улс Гацууртын ордыг ухахгүйгээр явсаар ирсэн. Язгуурынхаа шүтээн болсон өвөг дээдсийнхээ онголсон сайхан байгал, мөнх цэвдэгтэй,  цэвэр усны ундарга болсон найман гол Ноён уулаас ундарга авч байгаа.  Баавгайт, Билүүт, Хужирт  гээд найман том гол Ноён уулаас эхээ авч Хараа, Ерөө  голд цутгаж, цаашаа Сэлэнгэ болон Байгаль нуур руу цутгаж байгаа. Энэ бол байгаль экологийн хувьд маш том террорист үйл ажиллагаа болж байгаа  асуудал.

Яваандаа Монголын хэмжээний биш дэлхийн хэмжээний асуудал болно. Байгал нуур руу хүнцэлтэй ус Сэлэнгэ мөрнөөр дамжиж цутгагдсанаар ОХУ-д аюултай байдал үүснэ. Байгал нуур дэлхийн цэвэр усны 20 хувь, ОХУ-ын 80 хувийн нөөц гэж явдаг болохоор хүн төрөлхтөнд авултай үйл ажиллагаа болох гэж байна.

Стратегийн орд газар гэсэн нэрээр “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн нөлөөгөөр гаднынханд ухуулж байна. Өнөөдөр Тавантолгой, Оюутолгой, Тамсагийн нефьт зэрэг баялагуудаа гадаадуудад алдаж байна. Ганцхан Гацууртын ордоор бүхнийг нөхчих юм шиг зүйл яриад байгаа нь маш том эндүүрэл. Хиймлээр хямрал үүсгэж, ард түмний тархийг угаан, Ноён уулыг ухуулахгүй гэсэн сэтгэлийг хоёрдуулахгүй л гэсэн арга.

Төрд гарахдаа ард түмнийхээ дуу хоолой болно гэж гарч ирж байсан.  Ард түмэн өнөөдөр үүнийг бүх нийтээрээ эсэргүүцэж байна. Үнэхээр ухуулахдаа хүрвэл олон нийтээс санал авах хэрэгтэй.

Нөгөө талаас Гацууртын ордыг ашиглана гэвэл Үндсэн хуулиа зөрчиж байна.  Урт нэртэй хууль ид хэрэгжиж байх үед ой тайга, гол усны урсгалыг өөрчлөх тэсэлгээ хийж кэмпээ байгуулчихсан байгаа.

Дэлхийн хэмжээний соёлын тэнд байна.  Хүннүгийн үеийн булшийг устгана гэж байгаад харамсаж байна. Гэхдээ ард түмэн устгуулахгүй байх.  Өчигдөр /уржигдар/ Мандал суманд очиж ажиллаад ирсэн. Мандал сумын иргэд  санал бодлоо илэрхийлж байсан.  Энэ сарын  13-ны өдөр ард түмэн Ноён уулаа онголж тахих маш том тахилга, бэсрэг наадам  болох гэж байна. Өнөөдөр ард түмэн газар нутгаа   тахин шүтэж байна. Үүнээс урьтаж ухах гэж байна гэхээр эрс тэс  увайгүй үйлдэл болж байна.  Ард түмний сүсэг бишрэлийг хараад  төрийн эрх баригчид арай өөр зүйл бодох байлгүй гэж бодож байна.

–  Гацууртын ордыг ухахгүй л бол  нинжа нар  ухна гэсэн яриа байсан.  Гэтэл энэ яриа хэдийн хэрэгжээд эхэлсэн гэдгийг нутгийн иргэд ярьсан.  Энэ талаар?

– Сангийн сайд  Жаргалтулгын  Эрдэнэбатын ээж н.Пүрэвдулам гэдэг хүн “Арцат Богд”  гэж ойн нөхөрлөлдөө хувиараа алт олборлогчдыг оруулчихсан байна.  Жижиг буугаар  шороо угаагаад сууж байна, машинтай улсууд.  Тиймээс  үйл ажиллагааг нь зогсоож, машины дугаарыг нь Мандал сумын цагдаагийн газрын дарга н.Ганболдод хүлээлгэж өгсөн.

Гадныханд алт олборлуулахын төлөө наад улсууд чинь хэргээр хувиараа алт олборлогчдыг оруулж байна. Зөвшөөрөл өгч ингэж ухуулж байгаа нь  ухуулах санаатай байна. Нинжа орчихоор тэднээс татвар болон авах юм байхгүй, тэрний оронд “Сентерра Гоулд Монголиа”, Канадууд ухсан нь дээр гэсэн мессежийг ард түмэнд өгөх гээд байна. Ийм байж болохгүй шүү.

– Төр “дүлий” байна…?

– Урьд урьдын эрх баригчид, нам эвслийнхэн сонгуулийн мөнгийг эндээс босгосон. Авилга аваанзаа бол авчихсан. Хүний юм авчихсан улсууд яах юм? Аргагүйн эрхэнд үүн дээр зүтгээд байна шүү дээ. Түмний үгийг төрд гаргана гэж гарч ирчхээд ард түмнээ сонсдоггүй дүлий төрөөр яах юм. Ингэ гэж бид сонгоогүй.

2012 оны сонгуулиар  бид Ноён уулыг ухна шүү гээд  хэлэх ёстой шүү дээ. Тэгтэл  Ерөнхийлөгч нь хүртэл  “Ухахгүй шүү, Хүннүгийн үеийн ихэс дээдсийн онголсон хайрхан, “Сентерра Гоулд Монголиа ХХК ухах гээд байна. Та нар доороос нь тэмцээрэй” гэсэн  Бид нар тэмцсэн, жагссан, суулт хийсэн, өлссөн, түмэн зүйлийг хийлээ. Тэгтэл Ерөнхийлөгч дээрээс нь нэг юм хийсэнгүй, тусалсангүй,  харин ч доромжилсон.

– Өмнө нь та бүхэн тэмцээд асуудлыг хэлэлцэх хугацааг тодорхой хэмжээгээр хойшлуулсан…

– Хойшилсон.  20 хувиар өгнө гээл баталчихсан байсныг ухарсан. Тэндээсээ Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авна гэсэн Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр одоо хаачсан юм?

– Одоо дахиж дээрхийн адил тэмцэл өрнүүлэх үү? Өмнө нь тэмцсэн болохоор  хүлээлт үүссэн байна?

–  Ард түмэн их харж байгаа бололтой.  Хөдөө орон нутгаас,  Мандал сумын  иргэд ялангуяа Түнхэл тосгон, Ноён уул орчмын иргэд маш их санаа зовниж байна. Аргагүй мэдэгдээд  яаж ухуулахгүй байхыг асууж байна.

– Дэлхийн хэмжээний асуудал гэж байгаа ч бид тогооноосоо гарч чадахгүй байгаа юм биш үү? Та  бүхний зүгээс олон улсын байгууллагуудад хандсан уу?

– Хандсан. Бид энэ асуудлаар ОХУ-ын элчин сайдад хандсан ч нааштай хариу ирсэнгүй.  Дани, Герман улсад байгаа эрдэмтэн, судлаачид бидэнтэй хамтарч эсэргүүцэж байгаа. Монгол улсын эрх баригчид  улс төрчдийн энэ үйлдлийг буруушааж байгаа.  Германы судлаач, эрдэмтэд Герман дахь  Монголын улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад шаардлага өгсөн шүү дээ.  Гадаадад сууж байгаа Монголчууд сэрж байна. Уулзалт цугларалт хийхээрээ ярьж, хэлж байна.  Үүн дээр нөлөө бүхий хүн ярьж чадахгүй байна л даа.

–  Та бүхэн  энэ сарын  13-ны өдөр  Ноён уулыг  тахина гэсэн энэ талаар?

– “Гэрлийн өргөө” холбоо, Мандал сумын иргэд,  “Ноён уулаа аврах хөдөлгөөн”, Монголын ардчилсан холбоо, Босоо хөх Монгол, Мандал сумын залуучуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа.  Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс  06-р сарын 12-ны өдөр 12  цагаас нэгдсэн унаа хөдөлнө.  Байгал, дэлхийгээ гэсэн сэтгэлтэй хэн бүхэн оролцож болно.

Наадмын бай шагналыг  зохион байгуулагчид  гаргаж байгаа.  Мөнгөтэй төгрөгтэй  хүмүүс , нам эвслийн улсууд байхгүй. Бидэнтэй нэр холбогдохоос айдаг.   Бид нар нэг уул,  хуулийг хамгаалах гэснийхээ төлөө  төрийн дайсан шиг л ад үзэгдэж байна.

– Ноён уулыг  тахиж байхад  “Сентерра Гоулд Монголиа ХХК манай кэмпт халдалаа гэх мэтээр асуудал үүсвэл яах уу?

– Башир муу арга хэрэглэдэг ш дээ. Өөрсдөө энд тэнд гал асаагаад биднийг гэж хэлж мэдэх л улсууд. Бид цагаан үйл хийх гэж байгаагаас хар үйл хийхгүй. Бид нар өөрсдөө тахих биш, жинхэнэ байгал эх дэлхийгээ гэсэн хүмүүс болон лам,  бөө зайрангууд очно. Газар нутгийнхаа төлөө Монголчууд нэгдэж чаддаг гэдгийг харуулна.

– Цаг гарган ярилцсанд баярлалаа.  

А.Баярмаа 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …