Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.11.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдөр, маргаашийн нэгдсэн хуралдаанаар нийт 18 асуудал хэлэлцэхээр тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулсан юм.
Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар угтогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 40 саналын томьёоллоор санал хураалт явуулан төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тус байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёолллуудыг бүрэн тусгасан, мөн хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарим заалтыг гүйцээн боловсруулж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн гишүүдэд тараасныг байнгын хорооны танилцуулгад дурджээ. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хураалгахад дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Дараа нь “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг уг асуудлаар 5 хоногийн завсарлага авсан юм.
Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт төслийн 2.1.4-т эрэгтэй, эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар ижил байхаар тусгасан, мөн цалингаас тэтгэвэр тогтооход тооцох хувь хэмжээг 2 хувь болгох, ажиллагсдаас авах нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэх зэрэг асуудал туссантай холбогдуулж бүлэг завсарлага авсан. Энэ үндсэн дээр бүлгээс 5 асуудлаар санал гаргаж байнгын хороонд хүргүүлсэн ч хуралдаж амжилгүй байсаар завсарлагын хугацаа дуусч байна. Бодлогын энэ баримт бичигт туссан зарчим, чиглэлд тулгуурлан хууль тогтоомжийн төсөл боловсруулж оруулж ирэхийг Засгийн газарт тогтоолоор чиглэл өгөхөөр тусгасан байгаа. Иймээс энэ асуудлыг анхаарч, байнгын хороогоор дахин ярилцах боломж олгомоор байна гэлээ.
Энэ талаар байнгын хорооны дарга Д.Батцогт дэгээр байнгын хороо дахин хуралдаж энэ асуудлыг авч хэлэлцэх боломжгүй гэдгийг хэлсэн бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ бодлого бол хууль биш чиглэл учраас баримтлах ерөнхий зарчмыг тодорхойлж байгаа. Өмнөх бодлогын баримт бичигт ч энэ санаа тусгагдсан байдаг гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.
Мөн энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж, Ё.Отгонбаяр нар хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төрийн байгууллагад зөвхөн нийтээр тэмдэглэх баярын өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалттай зөрчилдөж байгаа тул төслөөс хасч, төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.
Ингээд байнгын хорооноос дэмжигдсэн хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.9 дэххэсгийг “7.9.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувь нь дэмжив. Харин хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжсэнээр хуулийг эцэслэн баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.