Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж УИХ-ын дарга З.Энхболдод дахин өргөн барив.

Уг хуулийн төслийг анх 2014 оны 10 дугаар сарын 13-нд УИХ-д өргөн барьж анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2015 оны 6 дугаар сарын 11-ний буюу өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийсэн боловч өмнө өргөн барьснаас хойш холбогдох хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, мөн төслийн нэр томъёотой холбоотой найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах талаар Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгээс болон гишүүдээс цөөнгүй санал гаргасан юм. Эдгээр шалтгаанаар УИХ-ын гишүүдээс санал болгосны дагуу хуулийн төслийг буцаан татаж, саналуудыг хуулийн төсөлд тусгаж буцаан өргөн барихаар болсон билээ.

Энэ дагуу УИХ-ын гишүүд, ажлын хэсгээс шинээр гаргасан саналуудыг нэмж тусган өнөөдөр ийнхүү дахин өргөн барьсан юм.

Уг хуулийн төслийн агуулгаас товч дурдвал Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Төв банкнаас мөнгөний тэлэх бодлогыг идэвхтэй явуулж байгаагийн зэрэгцээ төсөвт төвлөрөх эрдэс баялгийн орлого нэмэгдэхийн хэрээр улсын төсвийн орлого ихээхэн өсч, энэ хэмжээгээр төсвийн зарлагыг тэлж ирсэн. Энэ нь үнэ инфляци хөөрөгдөх, макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх, хямралд хүргэх, эдийн засгийг “хөөсрүүлж” улмаар “Голланд өвчин”-д нэрвэгдэх аюулын үүдийг үргэлжид нээлттэй байлгаж байна гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр, Монгол Улс мөнгө болон төсвийн хэт тэлсэн бодлогыг олон жил дараалан явуулж байгаа нь импортын хэрэглээг өдөөж, гадаад худалдааны алдагдлыг өөхшүүлэн улмаар эдийн засгийн хүндрэлд хөтөлж байна.

Иймд өнөөдөр үйлчилж буй макро эдийн засгийн менежментийн бодлого, арга хэлбэрийг ойрын хугацаанд өөрчилж дэлхий дахинаа сайн засаглалын нийтлэг жишиг болоод байгаа Баялгийн сангийн тогтолцоо, загварыг бий болгон хэрэглэх шаардлага зүй ёсоор гарч байна. Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох төсвийн орлогоос зарим хэсгийг ирээдүй хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд Ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь нэгэнт бий болсон.

Энэ зорилгоор урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх үндсэн зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийг боловсруулж энэхүү санг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, хэрхэн арвижуулах, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлагын ямар зарчмыг үндэс болгон баримтлах, энэхүү санд хөрөнгө, эх үүсвэр хуримтлуулах үйл ажиллагаа ямар хугацаанд буюу ямар шалгуур хангах хүртэл үргэлжлэх, сангаас улсын төсөвтэй харилцах харилцааны зарчим, сан, сангийн хөрөнгийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, эрх бүхий байгууллагуудын хоорондын харилцааны статусыг зохицуулах шаардлагатай болж байна хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Цаашид уул уурхайн салбарын орлогоос зарцуулагдах хэмжээг орлогын өсөлтийг дагалдуулан нэмэгдүүлбэл 2030 оноос төсвийн зарлагыг их хэмжээгээр танах сорилттой тулгарах тул  уул уурхайн орлогын тодорхой хувиар хуримтлал үүсгэж эхлэх нь чухал юм. Иймээс ойрын ирээдүйд уул уурхайн ордуудын нөөц шавхагдаж эдийн засгийн эргэлтээс хасагдах үед эдгээрийн төсөвт төвлөрүүлж байсан хэмжээний орлогоос дутуугүй эх үүсвэрийг жил тутам өгөх санхүүгийн хөрөнгийн хуримтлалын тогтолцоо, механизм бий болгох шаардлага тулгарч байна.

Иймд мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны (Норвеги, Австрали, Шинэ Зеланд, Канад, Чили, Сингапур, БНСУ зэрэг) Баялгийн сангийн хөгжлийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг бий болгож, уул уурхайн олборлолтоос орж буй орлогыг зөв менежментээр удирдах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.5-д заасан “үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах” зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийн төсөл нь нийт 7 бүлэг 33 зүйлтэй юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …