Дарь-Эх Сансар болон АПУ ХХК-ийн арын уулзваруудыг нээнэ

Өнөөдөр “Гудамж” төслийн хүрээнд хийж гүйцээтгээд буй Дарь-Эх Сансарын уулзвар болон АПУ ХХК-ийн арын уулзварыг тус тус нээх гэж байна.

Тодруулбал, Дарь-Эх Сансарын уулзварыг дөрвөн зам болгон өргөтгөн шинэчлэсэн бөгөөд нээлтийн ажиллагаа өнөөдөр 11.40 болох юм. Үйл ажиллагаанд салбарын сайд, УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс оролцох юм байна. Тус уулзварын зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, “Экспресс зам” ХХК нийт 10400 ам метр талбайд зам барилгын, 1620 ам метр талбайд явган зорчигчийн замын ажил хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн, зам барилгын ажилтай зэрэгцэн цахилгаан болон дулааны гол шугам сүлжээг “Хасу мегаватт” ХХК өргөтгөн шинэчилсэн байна.

Харин АПУ ХХК-ийн арын уулзварыг 13.30 цагт нээх юм байна. Тус уулзварыг өргөтгөн шинэчилснээр баруун болон зүүн тийш эргэх, хөндлөн нэвтрэх боломжтой дөрвөн замын уулзвар болж байгаа аж. Энэ ажлын зураг төслийг “Ростов” ХХК хийж, гүйцэтгэгчээр “Пауэр ложистикс” ХХК ажиллажээ. Тус уулзварыг харьцангуй богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч троллейбусны шугамын шон, хэд хэдэн байгууллагын хашаа шилжүүлэх, зам барилгын ажилд ашиглах том оврын ачааны машин явах зөвшөөрлийг Замын цагдаагийн байгууллагаас хязгаарлах зэрэг шалтгаанаар ажил бага зэрэг удааширсан аж. Энэ уулзвар өмнө нь хоёр чигийн урсгалтай, зөвхөн баруун гар тийш эргэх хөдөлгөөний зохицуулалттай, уулзвараар шууд нэвт гарах боломжгүй байсан.

Л.Бадрах

ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …