Монголын оюутны холбоо оюутан байх хугацаандаа цэргийн албыг дүйцүүлэн хаах боломжтой “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид өргөн барьснаар Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, өнгөрсөн жил анх удаа хэрэгжүүлсэн билээ.
Ингэснээр Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуус суралцах хугацаандаа цэргийн сургалтад хамрагдаж, цэргийн алба хаах боломжтой болсон юм.
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1,134 оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр зургаан бүлгээр өнгөрсөн хоёр сар 2 кредит онооны сургалт явуулсан байна. БХИС-ийн 23 багш долоо хоног бүрийн бямба, ням гаригт оюутан цэргүүдэд “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөрийн дагуу заажээ.
Цэргийн дараагийн шатны бэлтгэл болох Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад 1000 оюутан цэрэг өчигдөр Төв аймгийн Алтанбулаг суман дахь цэргийн ангийг зорилоо. Тэд зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл хээрийн цэргийн мэргэжлийн бэлтгэлд хамрагдан наймдугаар сарын 15-нд Чингисийн талбайд тангараг өргөнө.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав “УИХ-аар Батлан хамгаалахын бодлого шийдэгдэж хэлцэгдэж байгаа. Энэхүү бодлого шийдэгдэж гарсаны дараа цэргийн үүрэгтэн болон цэргийн алба хаах хууль шинэчлэгдэн гарна. Тэрхүү хуульд оюутан цэрэг хөтөлбөрийг цэргийн алба хааснаар тооцох уу гэдэг үндсэн асуудал шийдэгдэн хуульчлагдаж гарна. Одоо бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрны тогтоол, БСШУЯ, Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар алба хаах журмын дагуу “Оюутан цэрэг” хөтөлбөрийг зохион байгуулж хэрэгжүүлж байгаа” гэв.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэсэн. Энэ жилийн оюутан цэргүүд ч буудагч-тасгийн дарга баг мэргэжлээр бэлтгэгдэнэ.