Жилд нэг удаа явагддаг Монголын уулчдын ээлжит “альпинад” буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 6 сарын 11-14-ны өдрүүдэд Цамбагарав хайрханд зохион байгуулагдав.
Энэ удаагийн альпинадад Монгол улсын аймаг хотуудаас ирсэн нийт 32 багийн 219 уулчин цугларсан нь өнгөрсөн жил Сутай хайрханд буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт болсон альпинадынхтай цар хүрээний хувьд адил түвшинд болсон гэсэн үг.
Дээрх 219 уулчнаас 126 уулчин тэмцээний удирдамжийн дагуу нас насны ангиллаар багийн зохион байгуулалтаар Цаст Цамбагарав хайрханы оргил өөд авиралт хийж өрсөлдсөн бол үлдсэн 93 уулчин (голдуу ахмад уулчид) оноогоор өрсөлдөхгүйгээр чөлөөт авиралт хийцгээсэн.
Цамбагарав хайрханд болсон “Алпинад 2015” тэмцээнд Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Баянцагаан, Монголын уулчдын үндэсний холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч А.Батсүх, дэд ерөнхийлөгч, Монголын спорт авиралтын холбооны тэргүүн Батжаргал, мөн дэд ерөнхийлөгч Золжаргал, Монгол улсын гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Гүррагчаа, МУГТ, ОУХМ Г.Өсөхбаяр, мөн МУГТ, ОУХМ Б.Гангаамаа нарын хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж оролцсоноос гадна энэхүү алпинадыг МУГТ, ОУХМ Таваагийн Гүррагчаагийн нэрэмжит болгон зохион байгуулсан нь оновчтой сайхан шийдвэр болсон юм.
Тэмцээний зохион байгуулалтыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар, Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” уулчдын клуб хариуцан ажилласан ба тэнд цугласан уулчид, тамирчид спорт сонирхогчид болон нийт олны сэтгэлд нийлэмжтэйгээр, өндөр хэмжээнд зохион байгуулж чадсан нь хэн бүхний талархлыг хүлээж байлаа.
Тэрчлэн Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клуб, Говь-Алтай аймгийн “Сутайн бор” клуб, Увс аймгийн “Хархираа” клуб, Завхан аймгийн “Отгон тэнгэр” клуб, Баян-Өлгий аймгийн “Таван богд” клуб, Орхон аймгийн Хангарьд клуб, Улаанбаатар хотын Хайрхан аялагч, “UB Haging”, “Петзл”, Эрүүл Монгол- аялагч клубууд, Цагдаагийн ерөнхий газрын Цасны барс клуб, МУБИС-ын “МУБИС” клуб, Дархан-Уул аймаг, Налайхын клуб гэхчлэн уулчдын клубууд баг бүрэлдэхүүнээрээ ирцгээж, бааз лагер буюу уулчдын хээрийн буудалд бууриа эзлэн танилцах уулзалт, үдэшлэг зохион байгуулж, уулын спортоор олон жил хичээллэж, үйл хэргээ зориулсан спортын мастерууд, туршлагатай уулчид маань тэврэлдэн уулзаж, бүтэн жилийн турш хүлээсэн альпинад авиралтынхаа талаар санал бодлоо солилцож, уулын спортод шинээр орж ирж буй шинэ залуу уулчдаа танилцуулан, тун ч хөл хөгсөөнтэй.
Нээлтийн арга хэмжээн дээр Уулын холбооны удирдлагууд болон зохион байгуулагчид болох Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Гавьяат уулчин Т.Гүррагчаа болон холбогдох хүмүүс үг хэлж, энэ удаагийн альпинадын дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба Монголын уулчдын үндэсний холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч А.Батсүх тэмцээнийг зохион байгуулж байгаа тал болох Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубт хоёр сая төгрөгний үнэ бүхий уулын багаж хэрэгслийг бэлэглэсэн юм.
Тэргүүн дэд ерөнхийлөгч А.Батсүх Монголын уулчдын холбоог бэхжүүлэх, уулын спортыг хөгжүүлэхэд үлэмж их хүчин зүтгэл гаргаж байгаа. “Сутайн бор” клубыг хөл дээр нь босгож, бүх талын дэмжлэг үзүүлэн, материаллаг нөхцлөөр бүрэн хангасан бол одоо Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубээс эхлэн жил бүр өөрийн нутагт альпинад зохион байгуулж буй клубт багаж хэрэгслийн тусламж үзүүлж байхаар болжээ.
Тэмцээн 6 сарын 12-ны өдөр эхлэв. Энэ өдөр тэмцээний шүүгчид баг тамирчдын бэлтгэл хийгээд хувцас хэрэглэлийн хангалт, бүрэн бүтэн байдал, хувцасны жигдрэлт зэргийг шалгаж, оноогоор дүгнэв.
“Альпинад 2015” тэмцээний удирдамжийн дагуу 18-аас 35, 36-аас 45, 46-аас дээш гэсэн гурван насны ангиллаар багуудыг зохион байгуулсан ба эхний хоёр насны ангилал нь баг тус бүр эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр тамирчинтай, харин сүүлчийн буюу 46-аас дээш насны ангилал нь баг тус бүр эрэгтэй хоёр эмэгтэй нэг хүний бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдсөн юм.
Хувцас хэрэглэлийн хувьд насны ангиллыг харгалзахгүйгээр зориулалтын уулын хувцас куртка, өмд, малгай бээлий зэргээр жигдэрсэн байхаас гадна уулын гутал, нүдний шил, уулын таяг, мөсний алх, мөсний сүх, карбин буюу бэхэлгээт холбогч, жумар буюу хамгаалагч, карампон буюу мөсний тах (муурын хумс), уулын үүргэвч зэргээр багийн бүх тамирчид хангагдсан байх ёстой аж. Эдгээр нь ууланд авирахад зайлшгүй хэрэглэгддэг, амин чухал шаардлагатай багаж хэрэгслүүд юм.
Хурдны авиралт буюу Цамбагарав хайрханы 4249 метрийн өндөр оргилд авирч гарах тэмцээн 13-ны өдөр эхэлж өглөө 5 цаг 00 минутаас 6 цаг 00 минутын хооронд багууд гараанаас гарав. Тэмцээнээс хоёр өдрийн өмнө Ховд аймгийн Хан Алтайн бүргэдүүд клубын уулчид багуудын хурдны төрлөөр өрсөлдөж оргилд гарах замын чиглэлийг гаргаж, гарааны газраас Хайрханы оргилд гартал хамгийн боломжтой хэсгээр явах чиглэлийг тэмдэглэн, туг хатгаж овоо тэмдэг босгож бэлдсэн байв. Багуудыг гараанаас гарахтай зэрэгцэн тэнгэр бүрхэж бороо шиврэн, улмаар бороо, цасан шуурга тавьж эхэлсэн ба байгалийн энэ араншин бараг сүүлчийн уулчдыг бааз лагерт эргэж ирэх хүртэл үргэлжлэв. Ийм бэрхшээлт нөхцөл дунд уулчид ажрахгүй авирч, гараанаас гарсан нийт багуудийн 80 гаруй хувь нь оргилд амжилттай гарч, эрсдэлгүй, осол авааргүйгээр бааз лагерт эргэж ирсэн юм. Тэрээр оргилд гараад буцаж ирэх 18 километр замыг өсвөр залуу уулчдын хамгийн эхний баг 6 цагийн хугацаанд, сүүлчийн баг 9 цагийн хугацаанд, ахмад уулчдын эхний баг 8 цагийн хугацаанд сүүлчийн баг 12 цагийн хугацаанд тус тус туулсан.
Уулын спорт бол багийн спорт байдаг учир тамирчин бүрийг жигд бэлдэх нь нэн чухал. Багийн нэг л гишүүн хоцорч чирэгдэх, эсвэл элдэв эрсдэлд учрах юм бол тухайн багийн амжилт талаар болдог нь харамсалтай. Тэрчлэн заалны болон бусад ямар ч төрлийн спортоос хавьгүй их тэсвэр хатуужил, эр зоригийн хүмүүжил шаарддаг, эрсдэл өндөртэй гэдгээрээ онцлогтой юм.
Мөн уулын спортыг онол, техник үйлдэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ер нь бол энэ нь уулын спортын тамирчдыг мэргэжлийн эсвэл сонирхогч гэдгээр нь ялгах гол үзүүлэлт болох бөгөөд хамгийн чухал зүйл нь гэж болно. Ууланд авирахад амьсгал авалт гаргалт, алхалт гишгэлтээс эхлээд багаж хэрэгслүүдээ хэрхэн зөв ашиглах, эрсдлээс яаж хамгаалах, мөсний гав ангалыг мэдрэх, цасны болзошгүй нуралтыг урьдчилан тооцох, уулын мөсөн гадаргуугийн градус ихтэй эгц босоо хэсгийг туулахын тулд гадас, шруп бэхлэж олс тавих, олсоор авирах буух, ангалд унасан нэгнийг хэрхэн татаж гаргах, тэрчлэн мөсний хальтиргаа ихтэй хэсэгт гулсаж унах эсвэл хүчтэй салхи шуурганд шидэгдэж унасан нөхцөлд амь насаа хэрхэн хамгаалах гээд зайлшгүй мэдлэг дадал, туршлага, овсгоо самбаа шаардсан олон зүйл техник елемент, онол ухагдахуунууд байдаг. Эдгээрийг эзэмшихгүйгээр ууланд авирна гэдэг ёстой нөгөө “уул үзээгүй байж хормой шуух”-тай ялгал үгүй гэсэн үг.
Энэ утгаараа альпинадын гурав дахь өдөр өрсөлдөгч баг бүрээс нэг нэг тамирчныг багийнхны хүсэлтээр сонгон, тэдгээрээс онол техникийн шалгалт авч, өрсөлдүүлсэн.
Улмаар гурван өдрийн, гурван тэмцээний нийлбэр оноогоор өрсөлдөгчдийг байр эзлүүлэхэд багийн нийт дүнгээр тэргүүн байрыг “UB Haging”, клубын баг тамирчид, дэд байрыг Ховд аймгийн “Хан-алтайн бүргэдүүд” клубын баг тамирчид, гутгаар байрыг “Сутайн бор”” клубын баг тамирчид эзлэхээр онооны эрэмбэ гарсан боловч, шүүгчдийн маргаан, мөн зохион байгуулагч талын зарим төлөөлөл, Ховд аймгийн нэр бүхий даргын нөлөөллөөр онооны нийлбэр дүнг хүчингүй болгож, (Мэдэхгүй зүйл рүүгээ хэт мэдэмхийрч орсны хайргайгаар, шүүгчид зохион байгуулагч талын зан байдалд нийцүүлэн шийдсэн) зөвхөн хурдны төрлийн оноог голчлох замаар тэмцээний дүнг гаргах болсон байна.
Ийнхүү удирдамжид заагдсаныг өөрчилж, засварлагдсан шүүгчдын шийдвэрээр багийн нийлбэр дүнгээр “Сутайн бор” клубын нэг, хоёрдугаар баг, Хайрхан аялагч клубын багууд медалийн эздээр тодров. Хурдны авиралтын төрөлд баг тус бүрийн дүнгээр өсвөр залуу насны ангиллын нийт арван долоон багаас “Хайрхан аялагч” клуб, Хархираа клуб, “UB Haging”, клубын багууд, залуу идэр насны ангиллын найман багаас “Сутайн бор” клубын нэг, хоёрдугаар баг Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын багууд, харин ахмадуудын долоон багаас “Сутайн бор” клубын хоёр дугаар баг, “Таван богд” клубын баг, Мөн “Сутайн бор” клубын нэгдүгээр багууд тэргүүлж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоов. Техник елментийн оноог энэ удаад зарим нөхдийн саналаар тооцолгүй орхисон нь тэдний саналыг хүндэтгэн дагасан гэхээсээ илүү, нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй зөрөлдөөнтэй нөхцөлд асуудлыг шийдсэн гэхээс аргагүй. Яагаад гэвэл дээр тайлбарлан үгүүлсэнчилэн хамгийн чухал төрлийнх нь оноог хүчингүй болгож, орхигдуулах нь мэргэжлийн спортын тэмцээнд тийм оновчтой арга зам биш юм.
МУГТ, ОХУМ Таваагийн Гүррагчаагийн нэрэмжит энэ удаагийн альпинадад Спортын мастер Ч.Сүхбаатарын дасгалжуулсан Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын багийн бүрэлдэхүүнд спортын мастер Б.Дашдорж, спортын Мастер Х.Бямбасүрэн, спортын мастер Г.Төрмөнх, спортын мастер Д.Бөхжаргал, спортын дэд мастер Б.Нямдаваа, уулчин Д.Цэвээнравдан, залуу уулчин Э.Мөнх-Эрдэнэ, залуу уулчин, гар бөмбөгийн спортын мастер Отгонбаяр, залуу уулчин, таэквандогийн спортын мастер Г.Хамагбаяр, залуу уулчин Байгальмаа, залуу уулчин Долгорханд, хамгийн залуу уулчин спортын мастер Бөхжаргалын хүү, 16 настай Ганбаяр нарын баг тамирчид оролцсон юм. Өсвөрийн уулчин Ганбаяр маань альпинадад оролцсон хамгийн ахмад уулчин “Сутайн бор” клубын тамирчин, уулын спортын мастер, өдгөө 79 настай Галсан гуай болон Монгол улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарын хамт Альпинадын тугийг өргөх ёслолыг гүйцэтгэсэн нь бас нэг бахархууштай хэрэг байв.
Тэмцээний хоорондох үдэшлэг уулзалтын үеэр уулчид баг, багаараа ая дууны мэндчилгээ дэвшүүлж, урлагийн авьяасаа үзүүлж байсан бөгөөд ямар авьяаслаг хүмүүстэй гэдгээ өөрсдөө мэддэггүй байснаа гайхцгааж байлаа. Тэдний дотор Налайхын уулчин МУСТА, дуучин Хүрэлбаатар, Хайрхан аялагч клубын уулчин МУСТА бүжигчин Оюун-Эрдэнэ нарын зэрэг олон авьяастан байсан. Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчин, спортын мастер Г.Төрмөнхийн үг, аяыг нь зохиосон “Хан Алтайн уулчдын дуу”-г уулчин, СТА Хүрэлбаатар, зохиогчтой хамтран дуулсан нь уулчдад нэн таалагдаж байв. Мөн “Сутайн бор” клубын тухай дайчин цоглог аялгуут дууг байнга эгшиглүүлж байсан юм.
Өнгөрсөн жил Сутай хайрханд болсон альпинадын тухай бичсэн тэмдэглэлийг уншигчид маань санаж байгаа байх. Тухайн үед ажиглагдсан, цаашид анхаарах зүйлүүдийг сануулан, яльгүй шүүмжлэлийн өнгө аяс цухалзуулж байсан зүйлүүдийг уулын спортын зүтгэлтнүүд маань анзаарч баргийг нь засаж залруулан, зохион байгуулж чаджээ. Гэвч амьдрал баян, нэг өдөр өргөс авсан мэт бүх зүйл төгс болчихгүй нь магад. Энэ жилийн хурдны авиралтын төрөлд өнгөрсөн жил мөрдөж байсанчилан уулын замд гүйж газар ахихыг хориглож, хэрвээ тийм байдал гаргасан тохиолдолд үлэмж хэмжээний оноог хасаж тооцно гэдгийг зарлаж байсан. Тэгтэл өглөөний 5.00 цагт хамгийн эхэнд гараанаас гарсан зарим багууд гарааны шүүгчдээс далдармагц хурдтай гүйж, ихээхэн газар ахисан үйлдэл гарсан ба нэгд үзэгдэх орчин хязгаарлагдмал тэнгэр харанхуйлсан байсан, хоёрт бусад багууд нь түүнийг баримтжуулах боломжгүй, адилхан уралдаж байгаа болохоор шүүгчдийн анхааралд өртөлгүй үлдэж, оноо дүгнэхэд огтхонч харгалзаж үзсэнгүй. Бас хоёр гурван багтай зарим баг замын дунд хоцорч чирэгдсэн нэгнийхээ оронд нөгөө багаасаа хүн сэлгэж оруулах замаар эрсдэлээ нөхөж чадсаныг мөн л оноо дүгнэхэд хэрэгсэж үзсэнгүй. Энэ нь мөнөөх журам зөрчиж буй хэсэгт шүүгчид зогсоогүй, шүүгчдийн тоо цөөн байсан зэргээс шалтгаалж байгаа нь харагдсан.
“Альпинад 2015”-ын Ерөнхий шүүгчээр ОУХМ Батжаргал, гарааны шүүгчээр Гавьяат тамирчин ОУХМ Б.Гангаамаа, Оргилын шүүгчээр Монгол улсын гавьяат тамирчин ОУХМ Т.Гүррагчаа, ОУХМ Д.Ганболд, ОУХМ Зоригт, дундын шүүгчээр ОУХМ Мөнхзул, Жангар нарын шүүгчид ажилласан юм.
Уламжлал ёсоор жил бүрийн альпинадын хаалтын арга хэмжээн дээр дараа жилийн альпинад хаана хийгдэхийг товлон зарлаж, альпинадыг өөрийн нутагт зохион байгуулахаар хүлээн авч буй тал нь батламж, урилгыг гардан авдаг. Гэвч энэ удаад энэ тухай тов мэдээ зарлагдсангүй. Учир нь удирдлагууд санал нэгдэж чадаагүйн улмаас тов гараагүй байна. Өнгөрсөн 2014 оны альпинадын хаалтын үеэр 2015 оны альпинадыг Завхан аймгийн нутаг дахь Отгонтэнгэр хайрханд зохион байгуулахаар тов тогтож, “Отгонтэнгэр” клубынхан батламж, урилгыг гардан авч байсан боловч Завхан аймгийн удирдлага татгалзсанаас болж дэс дараалал эвдэгдэн, энэ арга хэмжээ Ховд аймагт хийгдэх болсон. Өнөө жил товоо тогтоож чадаагүй нь үүнтэй холбоотой байж ч болох юм.
Альпинадын ач холбогдлыг өргөх, утга учрыг улам далайцтай болгох, хүн төрөлхтний ирээдүй хийгээд хувь заяаны асуудалтай энэ спортыг холбохын тулд Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубээс дараа жилээс эхлэн уулчдын нэгдсэн альпинадыг дэлхий нийтийн нэн чухал асуудал болох “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнийг бууруулахын төлөө нэгдэцгээе” уриан доор зохион явуулж байх уриалга дэвшүүлэхээр санаачилсан боловч, хөтлөгч, зохион байгуулагчдын зүгээс үүнийг нийт оролцогсдод зарлан тунхаглах боломжийг олгоогүй юм.
Г.Төрмөнх