Монгол Улсын хөгжил дэвшлийг хөдөлгөгч хүч, иргэдийн аюулгүй тохь тухтай амьдралын баталгаа болсон эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цахилгаан дулааны үнэ цэнийг иргэдэд ойлгуулах, олон нийтийн эрчим хүчний боловсролыг дээшлүүлэх, эрчим хүчний үнэ цэнийг таниулах зорилгоор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран сэтгүүлч, нийтлэлчдийн дунд “Эрчим хүчний үнэ цэнэ” сэдэвт нийтлэлийн, facebook хэрэглэгчдийн дунд “Эрчим хүчгүй бол бидний амьдрал” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан юм.
Энэхүү уралдаанд оролцсон сонин хэвлэлийн сэтгүүлчдээс
“Ардчилал” сонины сурвалжлагч Б.Цэдэвсүрэн “Наад захын хэрэглээнд хүрэхгүй мөнгөөр цаад захын хэрэглээгээ хангах нь” нийтлэлээрээ тэргүүн байранд шалгарсан бол хоёрдугаар байранд “Баялаг мэдээ” сэтгүүлийн эрхлэгч А.Алтантуяагийн бичсэн “Тог буюу Пан азийн мөрөөдөл” нийтлэл шалгарчээ.
Цахим сайтын сэтгүүлчдээс нэгдүгээр байранд mnb.mn сайтын нийтлэлч М.Базарраднаагийн “Зүрхний дутагдалд орж, судасны эмгэгт баригдсан Монгол улс” бүтээл, хоёрдугаар байранд news.mn сайтын сэтгүүлч Л.Нарантөгсийн “Амьдрал зогсоно” бүтээл шалгарав. Мөн Монголын радиогийн сэтгүүлч Ю.Гантөмөрийн “Эрчим хүчний үнэ цэнэ” бүтээл тусгай байрын шагналыг хүртлээ.
“Эрчим хүчгүй бол бидний амьдрал…” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг “Эрчим хүчний үнэ цэнэ” page хуудсаар дамжуулан зохион байгуулсан бөгөөд нийтдээ 36 оролцогч бүтээлээ ирүүлсэн юм. Эссэ бичлэгийн уралдааны нэгдүгээр байранд 3512 оноогоор ШУТИС-ийн оюутан О.Гэрэлтуяа, хоёрдугаар байранд 3373 оноогоор МУИС-ийн оюутан М.Бадамханд нар шалгарчээ.
Шагналыг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн Р.Мягмар нар гардуулж баяр хүргэлээ.