Монгол Улсын Гадаад хэргийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.
Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж олгох хэлбэрээр нэг урсгалтай явж ирсэн бол цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүрдүүлж ажиллах нь чухал гэж үзэж байна. Энэ шинэ шатны хамтын ажиллагаанд хоёр орны хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоо нэн чухал бөгөөд үүнийг бүрдүүлэхэд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны оролцоо, дэмжлэг онцгой ач холбогдолтой юм. Япон улс манай оронтой харилцах асуудалд улс төрийн шийдвэр гаргаж, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны шугамаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нь хоёр орны Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд болох зүүн бүсийн төмөр зам барих, нүүрснээс шингэрүүлсэн хий гаргах, нүүрсний ордуудыг түшиглэн Дулааны цахилгаан станцууд барих зэрэг ажлыг урагшлуулан хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно.