Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.24/ “Майдар эко хот” төслийн ажлын явц байдалтай танилцав.
Их Майдар бурханы хөшөө болон түүнийг хүрээлэн бий болох соёл, урлагийн цогцолбор нь байгалийн үзэсгэлэнт газрын нэг болох Богд хан уулын өвөрт байрлах юм. Эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болсон Их Майдар бурханы сүр хүчтэй уялдуулан тайлбарлавал энэхүү хот нь “Ирээдүйн хот” буюу экологийн хотын үндсэн зарчмуудыг баримтлан тогтвортой, нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй, нийгмийн сайн сайхны төлөө хот байх аж. Богд хан уулын өвөрт баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл Улаанбаатартай холбох хурдны зам Майдар хотын урдуур өнгөрөхөөр төлөвлөгджээ. Тэрчлэн Монголын нутгаар дайран өнгөрдөг Орос-Хятадыг холбосон төмөр зам ч ирээдүйн хотоос холгүй байршилтай тул тус хоттой шууд холбосон төмөр замын өртөө барьж байгуулах өргөн боломжтой юм.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, монголчууд бид дэлхийн түүхэнд нүүдэлчин ард түмэн гэдгээрээ алдаршсан. Гэхдээ түүхэндээ Монголын Эзэнт гүрний нийслэл Хархориноос эхлээд дэлхийн түүхэнд үлдсэн томоохон хотуудыг байгуулж ирсэн түүхтэй ард түмэн билээ. Нийслэл Улаанбаатар хот маань өнөөдөр дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй хотуудын тоонд зүй ёсоор тооцогдож байна. Цаашид Улаанбаатар хотыг тойрсон дэд бүтцийг хөгжүүлэх замаар дагуул хотуудыг хөгжүүлэх бодлогыг төр, засгаас баримталж байгааг та бүхэн мэднэ. Майдар эко хот нь нийгэм эдийн засгийн судалгаанд тулгуурлан зам тээвэр, эрчим хүч, ус, барилга зэрэг өнөө үеийнхний шаардлагад нийцсэн монгол соёл, ёс заншлыг бүрэн шингээсэн, байгаль орчинд ээлтэй, нөөц баялагт хэмнэлттэй цогц төлөвлөлттэй хийгдсэн байна. Хотыг хэд хэдэн үе шаттайгаар барихаар төлөвлөснөөс эхний ээлжид баригдах 80.000 оршин суугчтай хэсгийн инженерийн нарийвчилсан төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл хийгдэж дуусаад 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ХБНГУ-ын Барилгын тогтвортой хөгжлийн нийгэмлэгээс Эко хотын гэрчилгээг “Алтан медаль”-ийн хамт Монголын талд хүлээлгэн өгөөд байна. Энэ хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурал Майдар хотын газрын асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Энэхүү ажил эхэлснээр барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 15.000 шууд ажлын байр, бусад дагалдах салбаруудад 30.000 ажлын байр бий болох юм. Энэхүү ажлын байранд монгол хүмүүс ажиллана гэж бодож байгаа. Майдар эко хотын бүтээн байгуулалтад оролцох нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт нээлттэй байх болно. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн болон бидний өнөө үеийн эрэлт хэрэгцээг хангасан, аялал жуулчлал түлхүү хөгжсөн Монголдоо төдийгүй Азид жишиг хот болох маш том боломж нээгдэж байна.
“Их Майдар” төсөл 21пүгээр зууны Монголын хот байгуулалтын нүүр царай болж, монголчуудын соёл, үнэт зүйл, өвийг шингээсэн, байгаль орчинд ээлтэй ухаалаг хот болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Их соён гэгээрүүлэгч анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын 17 дугаар зуунд Майдар бурханы дүрийг 72 см өндөртэй урлан амилуулсан эх загварыг 75 дахин томруулан 54 метр өндөр Майдар бурханы бие лагшиныг орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт босгохоор “Их Майдар” төсөл амжилттай хэрэгжиж байна. УИХ-ын дарга болон бусад төлөөлөгчид энэхүү бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм.
УИХ-ын даргыг “Майдар эко хот” төслийн ажлын явц байдалтай танилцах үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.