Төрийн сангаар гадаадад магистрантур, докторантурт суралцуулна

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР 
ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

“Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг,хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.

Шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантур суралцахыг хүсэгчид), магистр (докторантурт суралцахыг хүсэгчид)-аас доошгүй боловсролын зэрэгтэй, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан  мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид ”шалгуулагч” гэнэ/-ийг оруулна.

А. Бүртгэл

Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2013 оны 7 дугаар сарын 22-28-ны өдрүүдийн 9:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн нэгдүгээр байрны 202 дугаар өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг авчирна. Үүнд:

1.Өргөдөл-Маягт (яамны вэб хуудаснаас татаж авах);

2.Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал (энэ санхүүжилтэд хамрагдах гадаадын шилдэг их сургуулиудын нэрсийг дараах хаягаар орж  харах):

3.Судалгааны ажлын  товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн аргазүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна);

4.Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);

5.Ажил байдлын тодорхойлолт (Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага, судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон тодорхойлолт, захидлыг битүүмжлэн ирүүлнэ. Тодорхойлолт өгсөн хүний  хаяг, утас тодорхой  байх шаардлагатай);

6.Бакалавр, магистрийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

7.Гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтөгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт) нотариатаар баталгаажуулсан хуулбар;

8.Шалгалтын хураамж 35000 төгрөг.

Материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй.

Б. Шалгаруулалт

Их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгаруулалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Шалгаруулалтын агуулга нь шалгуулагчийн өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтанд шууд суралцах бэлтгэл хэрхэн хангагдсан, мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практик ач холбогдолын талаар үнэлгээ өгөхөд оршино.

Шалгаруулалтыг 2013 оны 8 дугаар сарын 1, 2-ны  өдрийн 10.00 цагаас МУИС-ийн нэгдүгээр байранд зохион байгуулна. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. Шалгаруулалтын дүнг 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 18.00 цагт мэдэгдэнэ.

Шалгаруулалтад 60-аас дээш оноо авсан оролцогчдыг Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах квотод багтаан мэргэжлийн чиглэлээр онооны дарааллаар шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын дипломын голч дүн, эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана.

Шалгалтад тэнцсэн иргэнийг суралцуулах тухай шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргана. Гадаадад суралцагч нь Сургалтын төрийн сантай гэрээ байгуулах ба гэрээнд талуудын харилцан хүлээх эрх, үүргийг тодорхой тусгана.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …