МУБИС RETEACH төслийн Европын түнш байгууллагуудтай хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов

Монгол Улсын Боловсролын их сургууль дээр 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ERASMUS+ RETEACH төслийн Үндэсний чадавх бэхжүүлэх сургалтын хүрээнд хүрэлцэн ирсэн Европын түнш байгууллагуудын төлөөлөлтэй албан уулзалт зохион байгуулав.

Уулзалтад МУБИС-ийн ГХА-ны дарга дэд профессор Г. Цогзолмаа, МБУС-ийн захирал дэд профессор Т.Ганбаатар, Физикийн тэнхимийн эрхлэгч Х. Батболд, БоСС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн эрхлэгч Д. Үүрийнтуяа, ГХА-ны мэргэжилтэн Б. Нямжаргал нар оролцов.

Европын түнш байгууллагуудаас Румын Улсын Брашовын Трансильванийн их сургуулийн профессор Даниэла Попа, профессор Кодруца Жалиу, Итали Улсын Палермогийн их сургуулийн профессор Елена Миньози, профессор Антонелла Д’Амико, Элиана Данзи, мөн CESIE төрийн бус байгууллагын Федерико Маллей, Рита Куизилло нар оролцлоо.

Уулзалтыг МУБИС-ийн Гадаад харилцааны алба зохион байгуулж, тус Европын их сургуулиуд, байгууллагатай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны хэд хэдэн боломжит чиглэлийг хэлэлцэв. Тухайлбал, Румын Улсын Брашовын Трансильванийн их сургуультай Дээд боловсролын байгууллагын багш нарын мэргэжлийн хөгжил, Байгалийн ухааны багш нарын мэргэжлийн дэмжлэг, оюутан солилцоо, байгууллага хоорондын гэрээ байгуулах боломжийн талаар санал солилцлоо. Итали Улсын Палермогийн их сургуультай судалгаа, зочин лекц, оюутан,  багш, ажилтны солилцоо, хамтарсан болон давхар дипломын хөтөлбөрийн боломжийн  талаар ярилцав. Харин CESIE ETS байгууллагатай Erasmus+, Horizon зэрэг Европын холбооны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, судалгаа, инновац, нийгмийн оролцоо, залуучууд, насанд хүрэгчдийн боловсрол, дээд боловсролын шинэчлэл төслийн түншлэл, удирдлага, багш, ажилчдын чадавх дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах боломжтойг онцоллоо.

Тус уулзалт нь RETEACH төслийн хүрээнд бий болсон олон улсын хамтын ажиллагааг цаашид МУБИС-ийн хүрээнд илүү практик, тогтвортой, үр дүнд чиглэсэн хэлбэрээр өргөжүүлэх эхний шатны санал солилцоо болсноороо ач холбогдолтой юм.

Уулзалтын төгсгөлд оролцогчид цаашдын хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг үргэлжлүүлэн судлах, холбогдох нэгж, бүрэлдэхүүн сургуулиудын түвшинд нарийвчилсан санал боловсруулах талаар санал нэгдэж, дурсгалын зураг татуулснаар уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: Msue.edu.mn

Санал болгох мэдээ

БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД ТЭГШ ХАМРАН СУРГАХ ЧИГЛЭЛЭЭР ЯПОНД ТУРШЛАГА СУДЛАХААР ТУС УЛСЫГ ЗОРИЛОО

​Баянгол дүүрэг “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд “Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээг …