Өнөөдөр Blue Mon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд сайн санаат, хүмүүнлэгийн нэгэн үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэ бол “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн юм. Ховд аймгийн үзэсгэлэнт сайхан байгалийг тольдон харахуй эл үзэсгэлэнг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, “Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ-ын залуус зохион байгуулсан юм.
Зүрхний ховдол хоорондын 2 цоорхой, 2 судас солих гэсэн оноштой Ховд аймгийн Дөргөн сумын харьяат нэг ой 5 сартай Б.Доржсамбууг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд Энэтхэг улсад яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс бяцхан хүүгийн эмчилгээний зардалд хандив өргөх ажлыг зорилгоор Ховд аймгийн 4 гэрэл зурагчид 40 гаруй гэрэл зургийг дэлгэжээ.
Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд УИХ-ын гишүүн, Ховдын ирээдүй сангийн тэргүүн Д.Батцогт, БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа болон бяцхан хүүгийн эцэг эх, халуун сэтгэлт Ховдчууд оролцлоо.
“Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлийг худалдаж авч болох бөгөөд ашиг нь хүүгийн эмчилгээний зардалд зарцуулагдах аж.
Үзэсгэлэн маргааш хүртэл үргэлжилнэ.
Г.Туяа