Гоо сайхандаа хэр зэрэг анхаарал хандуулдаг нь тухайн хүний соёлын хэмжүүрийг илтгэх нэг үзүүлэлт яах аргагүй мөн. Гэхдээ гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд толгой эргэмээр олон бараа үйлдвэрлэгдэх болсон өнөө үед хэрэглэгч бидэнд төөрч будлих үе ч тохиолдох болсон билээ.
Тиймээс уншигч та бүхэнд хямд төсөр аргаар, эрүүл мэнддээ аюул эрсдэлгүй байдлаар бие цогцсоо арчлах аргуудаас толилуулахаар бэлдлээ. Онцолж хэлэхэд амьдралд тань хэрэгтцээтэй мэт боловч чухал шаардлагагүй гоо сайхны бүтээгдэхүүнийг доорх нийтлэлээс мэдэж авах боломжтой.
Салаалсан үсийг эмчлэх бүтээгдэхүүн. Та салаалсан үсэнд зориулсан шампунь, тос зэргийг худалдаж авдаг гэнэн хүмүүсийн нэг биш биз? Хэрэв тийм бол танд л гэж зөвлөхөд тэрхүү бүтээгдэхүүнүүд зүгээр л үүссэн асуудлыг түр зуур өнгөлөн далдлахаас цаашгүй байдаг. Өөрөөр хэлбэл үсний тань үзүүрийг зөөлрүүлж, салаа нь багассан мэт харгадуулах боловч яг үнэн хэрэгтээ бүрэн эмчилж чаддаггүй. Харин тиймэрхүү дэмий зүйлст мөнгөө үрэхийн оронд эрүүл үстэй болохын тулд энгийн үйлдлүүдийг хийхэд л хангалттай. Жишээ нь үсний индүү, сэнсний хэрэглээгээ багасгах, үсээ нойтноор нь самнахгүй байх, хоёр сар тутамд үзүүрээс нь бага зэрэг тайруулах гэх мэт.
Целлюлит арилгах тос . Ихэнх бүсгүйчүүд гоо сайхны асуудлаа хормын төдийд хялбархан шийдчих хүсэлтэй байдаг. Гэтэл удаан хугацаанд үүсэж бүрэлдсэн зүйл ид шидийн мэт тийм амархан алга болчихгүй. Целлюлитийг устгах тос хэрэглэж үзсэн хүн олон боловч бодсон шигээ гайхалтай үр дүнд хүрсэн нь ховор л байх. Иймэрхүү түр зуурын аргацаасан зүйлээр оролдохын оронд яг одооноос давс, илчлэгтэй хоол ундаа багасгаад хөдөлгөөнтэй, идэвхитэй амьдарч эхлэх нь хавьгүй дээр юм. Эрүүл зөв хооллож, ус сайн ууж эхэлснээр жин тань хасагдаж, арьс тань ч уян зөөлөн болж өөрчлөгдөхийг та анзаарах болно. Мөн бодисын солилцоогоо илүү эрчимжүүлж, үхэжсэн эд эсээ цэвэрлэхийг хүсвэл биеийн тос түрхээд асуудалтай хэсэгтээ зөөлөн иллэг массаж хийгээрэй.
Нүүр цэвэрлэгч тоник. Эмэгтэйчүүд нүүрээ цэвэрлэгч савангаар угаасныхаа дараа тоникоор дахин арчиж цэвэрлэдэг. Гэхдээ нүүр цэвэрлэх зориулалттай саван нь бохирдлыг гүнд нь хүртэл цэвэрлэх найрлагатай учраас заавал тоникоор дахин арчих шаардлагагүй аж. Түүнчлэн тоникийг өдөр болгон хэрэглэх нь арьсыг хуурайшуулах эрсдэлтэй.
Шүршүүрийн гель. Дараагийн удаа дэлгүүр явахдаа авах зүйлсийнхээ жагсаалтаас энэ бүтээгдэхүүнийг хасаарай. Оронд нь юу авах вэ гэж үү? Саван болон оливын тос. Шүршүүрийн гелэнд олон төрлийн химийн бодис орсон учраас арьсаар дамжин дотор эрхтэнд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Харин оливын тос бол байгалийн гаралтай эрдэс витаминаар баялаг бүтээгдэхүүн юм. Эсвэл шүршүүрт орсныхоо дараа юу ч түрхэхгүй байсан ч болно. Эхэндээ арьс хуурайшиж буй мэт санагдах ч яваандаа уг эрүүл хэв маяг танд таалагдах болно.
Нарны хамгаалалттай тос. Та өдөрт хэдэн цаг наранд зогсдог вэ? Хэрэв та олон цагаар гадаа ажилладаг бол нарны хамгаалалттай тос түрхэж болох юм. Харин тийм биш бол заавал тийм тос, энгэсэг түрхэх шаардлагагүй ажээ. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүн нарны туяанаас хамгаалах үзүүлэлт нь өндөр байх тусмаа арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн хүний арьс нарны туяаны нөлөөгөөр D витамин боловсруулдаг. Иймээс гоо сайхнаа хамгаалахын тулд аль болох байгалийн аргыг хэрэглэх нь зүйтэй юм.
Гар болон хөлийн тос. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын маркетингийн арга улам нарийсчээ. Тэдний сурталчилж буйгаар бол хүний биеийн бүх хэсэгт тусгай арчилгаа хэрэгтэй аж. Гэтэл бодит байдалд биеийн тосыг та биеийнхээ аль ч хэсэгт түрхсэн ижилхэн л үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр эрхэм та энэ талаар дахин нэг эргэцүүлээд үзэхэд илүүдэхгүй бизээ.
Биеийн арьс гуужуулагч. Биеийн арьс гуужуулагч бүтээгдэхүүн үнэтэй хэрнээ химийн найрлагтай байдаг. Харин гар доорх материалаар эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай гуужуулагч бэлтгэх маш амархан. Танд ердөө элсэн чихэр, давс, сод, кофе, ногоон цайны аль нэг нь байхад хангалттай. Байгаа материалаа зөгийн бал, ургамлын тос зэрэгтэй хольж зааврын дагуу бэлтгэснээр биеийн арьсныхаа үхэжсэн эд эсийг хялбархан цэвэрлэх боломжтой.
Уруулын эмчилгээний түрхлэг. Уруулын арьсанд тосны булчирхай байдаггүй учраас үргэлж хуурайших хандлагатай байдаг. Мөн маш нимгэн арьс тул тусгай арчилгаа хэрэгтэй. Гэхдээ уруул хатаж хагарсан үед заавал уруулын эмчилгээний түрхлэг худалдаж авахгүйгээр хэмнэлттэйгээр шийдвэрлэх арга зам бий. Тухайлбал байгалийн гаралтай коконатын тос, оливын тос зэрэг нь тун үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Харин үйлдвэрийн түрхлэгүүд спиртийН найрлагатай байж болзошгүй тул уруулыг улам хатаах эрсдэлтэй шүү.
Үс хуссаны дараа түрхдэг тоc. Та биеийнхээ үсийг хуссаны дараа арьсыг тайвшруулж, чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхдэг үү? Тэр тосыг гэртээ бэлтгэж болох талаар сонсож байсан уу? Танд хэрэгтэй зүйл бол E витаминаар баялаг тайвшруулах үйлчилгээтэй тос. Тухайлбал цайны модны тос, коконатын тос зэрэг нь жинхэнэ байгалийн гаралтай шилдэг чийгшүүлэгч юм. Мөн танд тайвшруулагч хэрэгтэй бол хөлдөөгчиндөө мөс бэлтгээд арьсаа зөөлөн арчаарай. Эдгээр энгийн бүтээгдэхүүн арьсыг тань дээд зэргээр чийгшүүлж, тайвшруулах бүрэн бололцоотой.
Хагны эсрэг шампунь. Хагны эсрэг шампунь нь ердөө түр зуурын үйлчилгээтэй төдийгүй тогтмол хэрэглэснээр хуйхыг улам хуурайшуулдаг. Хагтах асуудлыг шийдэхийн тулд зөөлөн шүдтэй самаар хуйхаа өдөр бүр 100 удаа самнаарай. Ингэж хуйхандаа массаж хийх нь хуйхны үйл ажиллагааг сэргээдэг. Мөн үс хагтахын гол шалтгаан нь буруу хооллолт учраас аль болох эрдэс тэжээллэг хоол идэх нь чухал. Түүнээс гадна дэр, сам, үсний хэрэгслүүдээ тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн хагтахын шалтгаан нь агаарын бохирдол, уур амьсгал, стресс зэрэг гадны хүчин зүйлсийн нөлөө ч бас байж болох юм. Хамгийн гол нь шалтгаанаа зөв тодорхойлох шаардлагатай. Үүний тулд үсний бүтээгдэхүүнээ хоёр сар тутамд шинэчилж өөрт тохиромжтойг нь сонгох болон химийн найрлагтай аливаа зүйлээс зайлсхийх хэрэгтэй юм.