Дөрөв: Бидний танилцсан “Алтайц”-ууд
Уулын Алтай нутгийн уугуул үндэстэн болох Алтайцуудын хэл соёл, угсаатны бүрэлдэхүүний талаар дээр цухас үгүүлсэн. Бид АБНУ-ын нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал Николай Васильевич Экээевтэй уулзах дашрамд энэ талаар яриа өрнүүлж, Алтайцууд чухам ямар ямар овог угсаатнуудаас бүрддэг болохыг асууж сонирхсон юм. Дашрамд хэлэхэд Николай Васильевич маань Алтайц хүн бөгөөд өмнө нь хэдэнтээ дурьдагдсан АБНУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч Наталья Михайловнагийн гэр бүлийнх нь хүн /нөхөр/ нь юм. Алтайцуудын маань зарим нь ч гэсэн, бүүр гэр бүлээрээ ийм өндөр байр суурьтай байгаад бахархах сэтгэгдэл төрж байв.
Эрдэмтний хэлэх нь одоо Алтайцууд дотор кэргил, алмат, тожал байлагас, модоарар, тэлэнгид, кивчак, мундус, мундас, чорос, хошууд, көжэй, көжэлэр, тонжаан, соёон, эркид, онтаж, чагат, джүүд, чаханду, оманди гэх мэт овог угсаатнуудын залгамжлагчид байдаг аж. Алтайц хэмээн оросчилон нэрийдсэн эдгээр овог угсаатнуудаас гадна тусдаа нэгэн үндэстний бүлэг болж явдаг мөн энэ нутгийн уугуулууд болох хакас, кивчакууд, АБНУ-тай хил залгаа орших Тувагийн бүгд найрамдах улсын тува урианхайчууд бүгд л Монгол угсаатнууд юм. Дэлхийн дайдаар тархсан Монголчуудын нэгээхэн хэсэг нь ийнхүү уулын Алтай нутагтаа, хүчирхэг Орос гүрний бүрэлдэхүүнд оршин аж төрөх агаад ахуй байдал, хэл ус, соёл заншлын хувьд орос үндэстэнд уусан нэгдэж, нэгэн өвөрмөц төрх байдлыг бий болгосон нь анзаарагдана.
Хэдийбээр ийнхүү уусаж оросчилогдсон ч цэвэр Монгол яс цусаа хадгалан буй Алтайцуудтай тааралдмагц юу юугүй л хэн нэг Монгол хүнтэй уулзсан мэт санагдана. Царай төрх, дүр байдал яах аргагүй Монгол учир гадаад хүн гэж огт бодогдохгүй, тийм тохиолдуудтай бид олонтоо учирсан болно. Гэвч тэд маань бидэнтэй Монголоор бус оросоор ярьж, зарим нь Монгол улс Монголчуудын тухай бараг мэдэхгүй шахам байх нь нүүр тулгармагц төрсөн мөнөөх сэтгэгдлийг үл мэдэг бүдэгрүүлнэ.
Орос дахь Монгол туургат улсууд тухайлбал Буриад, Халимаг зэрэгт бурханы шашин ихэд дэлгэрсэн хот суурин бүрт буддын сүм хийдүүд эрээлэн алаглаж, лам санваартнууд хөлхөж байдаг бол Алтай нутагт тийм биш Горно-Алтай хотод гэхэд бүүр сүүлийн үед хоёр гуравхан жилийн өмнө буриадуудын санаачилж барьж өгсөн буддын шашны ганц жижиг сүм л бий. Гэвч тэр нь бараг эзгүй. Сүмийн хаалгач, манаачаас өөр лам санваартан ч байхгүй. Ер нь бол харийн буюу буддын шашин нэвтрээгүй, жинхэнэ язгуур төрхөөрөө явж ирсэн ард олон юм гэсэн сэтгэгдэл төрж байв. Харин язгуурын бөөгийн шүтлэг хаа сайгүй элбэг. Сүүлийн үед Монголтой адилхан бөөгийн шүтлэг түрцтэй сэргэж байгаа, мөн Алтайн язгуур угсаатны заямал соёл болох тууль, цуур, икэл, хөөмэй зэрэг урлаг соёлын өв тээгчид олон байдаг тухай Николай Васильевич Экээев үгүүлж байсан юм.
Эрдэмтэн судлаач Экээевээс гадна бид түүхч, профессор, “Мир Евразий” сэтгүүлийн эрхлэгч Модоров Николай Семенович, АБНУ-ын Ардын зохиолч, тус улсын зохиолчдын холбооны дарга Бедюров Бронтой Янгович, Засгийн газрын орлогч сайд Наталья Михайловна Экээева, Бронтой Янговичийн шадар туслах Тандак гэхчлэн нэлээд олон Алтайц хүмүүстэй уулзаж учирч яриа хөөрө өрнүүлсэн юм. Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр түүхч Модоров бидэнтэй дотносон уулзаж, 1990 хэдэн онд Монголд очиж Ховд Баян-Өлгий, Хэнтий, Төв аймаг, Улаанбаатар хот зэрэг газар орноор явсан тухайгаа хуучлан тэр үед авахуулсан гэрэл зургуудаа үзүүлж байлаа.
Ардын зохиолч Бедюров Бронтой Янгович болон манай Х.Цэдэв профессор хоёр эртний найзууд. Бронтой Янгович биднийг ирснийг сонсмогц утасдаж, нэгэн үдэш шадар туслахын хамтаар байрлаж байсан байранд маань зочлон ирэв. Тэрбээр тун чиг хээгүй гүдэсхэн, зоримог шулуун яриатай нэгэн аж. Орж ирмэгц бидэнтэй бүгдтэй нь тэврэлдэн уулзаж, цай унд болсны дараа халааснаасаа дөрвөлжин шилтэй орос коньяк гарган барив. Түүний шадар туслах нь Тандак гэх Алтайц залуу, манай Ховд их сургуульд суралцаж байсан. Монгол улс, тэр дундаа Ховдын тухай маш сайн мэднэ. Монголоор ч муугүй ярина. Тэр орой бид тавуул бага зэрэг дөрөө чангалсныг ч хэлэх үү, яриа хөөрөө маань сүрхий халж, шөнө дүл хүргээд сайх хоёр маань амрахаар явцгаасан.
Бронтой Янгович түүх, угсаатны зүй, улс төр, уран зохиол, философи гээд ярихгүй сэдэв гэж бараг үгүй, өргөн мэдлэгтэй нэгэн байв. Монголын эзэнт гүрэн хийгээд их хаадын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн дэвшилтэт үүргүүдийн тухайд тодорхой гаргалгаанууд дэвшүүлнэ. Орос гүрний ийнхүү хүчирхэг болж мандан бадрах эх суурийг Монголчууд, Монголын хаадууд тавьж өгсөн. Нэгэн цагт Орос орныг эзлэн захирч асан Зүчийн угсааны хаадын явуулж байсан бодлого, ухаанаас Оросууд суралцаж, гүрэн улсаа хүчирхэг болгон, тэлж хөгжүүлэхэд амжилттай ашигласан. Одоо ч гэсэн Оросын улс төрийн бодлогын суурь ухагдахуун нь Монголын хаадын ухаанд суурилсан хэвээр байна. Гэтэл Монголчууд өөрсдөө тэр агуу хаадынхаа ухаан бодлогыг залгамжилж чадсан эсэх нь эргэлзээтэй хэмээн тэр үгүүлэх. Орос хэлний үгсийн санд судалгаа хийж үзэхэд маш олон орос үгний эх язгуур нь Монгол гаралтай үг байдаг. Тэрчлэн соёл зан заншлын хувьд ч Монголоос энд нутагшин үлдсэн зүйл нэн олон байдаг тухай сонирхолтой зүйлүүд ярина. Төрөлх нутгаасаа энэ хотод ирэх замын дагууд тааралдсан газар усны нэрүүд тухайлбал Чуй мөрөн, Катун мөрөн, Чикат –Амины даваа гэх мэтийн язгуур нь бүгд Монгол үгс болохыг Алтайц нөхдөөсөө сонсож мэдэв. Катун гэхэд л эртний Монголчуудын Хадан гол гэх нэрийн сунжирч, оросчлогдсон дуудлага аж. Тэрчлэн Чикат – амины даваа гэдэг бол мөн л уугуул Монголчуудын Чиг даваа гэж нэрэлдэг байсан газрын нэрний өөршсөн дуудлага юм байна.
Замын дагууд Кош-Агач, Ахташ, Онгудайска, Чемалска зэрэг бүс районы нутгаар дайран өнгөрөх ба Онгудайска гэхэд л Алтайн уугуул Ойрдуудын зонхилох нэгэн овог болох Онход нарын идээшин суусан нутаг байсаар, Онходууд гэсэн нэр нь ийнхүү орос дуудлага руу сунжирч Онгудайска гэгдэх болсон, мөн Ойрдуудын “Хос агч” хэмээн нэрийдэж байсан газрыг одоо Кош-агач болгон яльгүй өөрчилж дуудагдах болсон гэх зэргээр мөнөөхөн Монгол үгсийн язгуурыг яльгүй далдалж гадаадчилсан үг хийгээд газар усны нэр зэрэгтэй алхам тутамд тааралдах аж.
Ардын зохиолч Бронтой Янгович маань Дэлхийн хаа сайгүй тархсан Монгол угсаатнууд оюун санаа, зүрх сэтгэлийн хувьд нэгдмэл байж, мэдээллийн энэ эрин зууны онцлогийг амжилттай ашиглахын чухлыг байн байн сануулна. Монгол болон Тува, Буриад, Алтайц, Хакас, Хятад улсын Өвөр Монгол, Шинжааны Ойрдууд, Дээд Монгол, дорнод Ази дахь Монголчууд тэр ч байтугай Афганистан зэрэг улс оронд байх Монгол угсаатнууд хамтран соёл, эрдэм судалгааны экспедицүүд зохион байгуулж явуулбал их ач холбогдолтой болох тухай өөрийн саналыг үе үе дэвшүүлэн бидэнтэй санал хуваалцахыг хичээнэ. Тэрээр Монголчуудаас санаачлаад Оросын Монгол туургатнуудтай хамтарсан ийм аялал, экспедиц өрнүүлбэл өөрөө чадах ядахаараа туслаж хамтрахад бэлэн байна гэдгээ илэрхийлж байлаа.
Манай Цэдэв профессор, Мөнхбат доктор хоёр маань ярианы сэдвийг дэлхийн улс төрийн байдлын тал руу хазайлгаж, Евро Азийн үзэл санааныхаа тухай саналаа солилцоход Бедюров Янгович болон бидний санаа ихэд нийцэж байв.
Өмнө хэд хэдэн удаа хамгийн сүүлд 2005 онд Монголд очиж, Ховд, Баян-Өлгий Улаанбаатар, Орхон, Сэлэнгээр явсан тухай хуучилж байв. Бүүр тэр дундаа миний төрөлх нутаг Мянгад суманд очсон тухайгаа ярьж, уулзсан зарим хүмүүсийг нэр усаар нь дуудан, асууж байсан нь эгээ л тэнд суугаа нутгийнхаа нэгэнтээ таарсан мэт. Намайг Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч гэдгийг маань сонсоод ихэд олзуурхаж, Монголын зохиолч яруу найрагчдын тухай яриа өрнүүлж, таньдаг мэддэг зохиолчдоо ч асууж сураглаж байлаа.
Биднийг Горно- Алтай хотоос морддог өдрийн өглөө эрт 7 цаг дөнгөж өнгөрч байхад өнөө хоёр маань биднийг үдэж өгөхөөр ирэв. Хотын нэгэн ресторанд оруулж дайлаад, Улаанбаатар луу буцах хоёрыг маань Барнаул, Новосибирскийн автобусанд суулгаж, улмаар намайг Кош-Агач орох таксинд суугаад хөдлөн хөдөлтөл автовокзал дээр хүлээж байгаад, бидний бас нэг Алтайц найз болох эрдэмтэн Экээев, АБНУ-ын сэтгүүлчдийн холбооны дарга Борис Кондулеевич, орлогч Алексей Сергеевич, ГАГУ буюу их сургуулийн захирал Валерий Бабин нар цугаараа гар даллан үдэж билээ.
Орой нар шингэсний хойно би Кош-Агачид ирэв. Нөхөд маань районы захирагчтай ярьж намайг тухтай хоноглуулаад явуулаарай гэж нэгэнт захисан байсан болохоор хаана хонох тухайд санаа зовсонгүй. Районы захиргааны зочид буудалд хоноглоод өглөө нь хил рүү явах унаа сураглахаар автовокзал руу явах замдаа тосгоны байдлыг цухас сонирхож, гудамжаар яваа ганц хоёр хүмүүстэй уулзаж яриа өдөж ч амжив.
Кош-агачийн район бол хүн амын хувьд тэр чигээрээ казак оршин суугчдаас бүрдсэн хил орчмын суурингуудын бүс нутаг. Төв нь болох Кош-агач сууринд л гэхэд орос болон Алтайц өрх айл бараг үгүй.
Гудамжинд тааралдаж яриа өдсөн хүн болгон намайг Монголын Ховд аймгаас Горно-Алтайд очоод буцаж яваа гэдгийг сонсмогцоо хил рүү би хүргээд өгье, надтай явчих хэмээн нүд нь сэргээд ирнэ. Унааны хөлсийг нь асуувал мянган рубль. Горно-Алтайгаас Кош-агач хүртэл 500 гаруй километрыг туулахдаа таксинд 800 рубль л төлсөн атал эндээс хил хүртэл 50 хан километр газарт мянган рубль төлнө гэдэг хэтэрхий шударга бус санагдаж, жаахан гайхав.
Автовокзал руу нэг такси барьж хүргүүлсэнд жолооч нь 20 гаруйхан насны казак баньд. Мөн л би хүргээд өгье хэмээн санал тавьсан ба үнийг нь асуувал “гайгүй хямдхан явна оо, хоёр мянгахан рубль” гэдэг байгаа. “Энэ чинь ямар гээч хүмүүсийн дунд хөл тавьчихваа” гэсэн таагүй бодол сэтгэл гонсойлгов. Автовокзал дээр зогсох таксинууд мөн л мянган рубль гэсэн ханш хэлсэн болохоор тэндээс нэгэнд нь суугаад бушуухан хилийн бараа харахын түүс болов.
Хилээр нэвтэрч буй зорчигчдод үйлчлэх нийтийн унааны маршрут байхгүй. Цагийн автобус явах зэргийг зохицуулж өгөөгүйн улмаас хил орчмын суурингын казакууд ийнхүү амандаа орсон үнэ хэлж, мэдээлэл муутай нэгнийг хөөрхөн “шулж” амьдардаг бололтой. Тиймээс Монгол, Оросын хил гаалийн болон холбогдох байгууллагууд хэлэлцэж, энэ асуудлыг цаг алдалгүй зохицуулах нь зүйтэй санагдана.
Алтайц болон Орос нөхөдтэй хамт өнгөрөөсөн сайхан сэтгэгдлийг маань Кош-Агачийн казакуудын янз байдал яльгүй гутаасан ч гэлээ. Уулын Алтай нутгийн яруу сайхан хэмнэл аялгуу сэтгэл зүрхэнд минь дуурьсан дуурьссаар билээ. Чуй мөрний хөндийгөөр алдлан сунайх засмал замаар салхи татуулан давхиж явах зуур энэ нутгийн сайханд эрхгүй сэтгэл татагдаж,
“Алтай Алтай Алтай
Дуудахад нэр чинь домог шиг
Ариухан хус модод чинь
Зүрхний хэмнэлээр найгана
Амь халуухан бодолд минь
Тэнгэр хураа асгах шиг
Айзам яруу эгшигтэй
Яасан гэгээхэн нутаг вэ?
Гүнж дөлгөөн Хадан гол
Цээжний алс руу урсах шиг
Гүйгээд очмоор дотнохон
Энэ хэзээний ерөөл вэ
Уулсын чинь оройгоор
Цуурай болоод дамжихсан
Урьхан ялдам охидод чинь
Дуулах дуугаа хүргэхсэн
Алтай Алтай Алтай
Дурлалын нандин захидал шиг
Амьсгалахад агаар чинь
Сэтгэлийн утсыг хөдөлгөнө
Алтай Алтай Алтай
Дуудахад нэр чинь домог шиг
Ариухан хус модод чинь
Зүрхний хэмнэлээр найгана л”
Хэмээсэн мөр, бадгууд цээжний гүнээс ундран ирснийг буулган бичиглэсэн нь энэ болой.
2015 оны 5 сарын 10 – 6 сарын 28
Горний-Алтай, Ховд
Г.Төрмөнх