Таны үзэсгэлэнтэй инээмсэглэлд өнгө нэмж чадах хялбар зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Уруулаа буд, хүссэн уруулаа өөрөө бүтээ.
Дүүрэн харагдуулахын тулд:
Хоорондоо зохицох, жигд өнгийн уруулын будаг болон уруул хүрээлэгч сонгоорой. Зөөлөн өнгийн будагнууд уруулыг бараан өнгөнөөс илүүтэй дүүрэн харагдуулдаг. Эхлээд уруулныхаа хүрээний дагуу уруулаа хүрээлнэ. Ингэхдээ өөрийн уруулын хүрээнээс огтхон ч илүү гаргаж болохгүй. Үүний дараа тухайн хүрээгээ дүүргэн уруулаа будна. Уруул хүрээлэгчээ уруулын будгаараа зөөлөн будаж далдлах нь зүйтэй. Уруул хүрээлэгч хэрэглэх нь нөгөө талаар уруулын будгийн тогтоцыг удаан хадгалахад тустай.
Уруулаа том харагдуулахын тулд:
Хиймэл харагдуулах хэт нүсэр будалтын оронд, өөрийн уруулынхаа төрөлхийн гайхалтай шинж чанарыг тодотгон харуулаарай. Үүний тулд уруул хүрээлэгчээ уруулынхаа хамгийн зах хэсгүүд хүртэл хүрээлээд уруулын будгаар дүүргэж будна. Харин дараа нь гялалзуулагчтай уруул өнгөлөгчөөр дээгүүр нь будаарай.
Уруулаа нарийн харагдуулахын тулд:
Өөрийн уруулын хүрээний дотор захад уруул хүрээлэгчээр будан, уруулын будгаараа дүүргэн будна. Matte өнгө буюу хуурай төрлийн уруулын будаг уруулын харагдацыг жижигрүүлж харагдуулдаг.
Байгалийн өнгөтэй будалт хийхийн тулд:
Завсрын даруу өнгийн харандаан будгаар уруулаа хүрээлээд, гялалзуулагч агуулсан уруулын будгийг урууландаа тусгай багс ашиглан хөнгөхөн түрхсэнээр чийглэг, байгалийн өнгөтэй уруулыг үүсгэж байгаа юм.
эх сурвалж: hiub.mn