ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишүүд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүнтэй танилцах ажлын хүрээнд Эм судлалын хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэнд 2012-2014 онд ХХААЯ-ны захиалгаар “Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлын цуглуулга, генийн санг шинэчлэх” төслийг хэрэгжүүлсэн юм.
Энэхүү төслийн хүрээнд Монгол хунчир ургамлыг Дорнод аймгийн Гурван загал сум Хэнтий Цэнхэр мандал сум Хэнтий Өмнөдэлгэр сум нутагт ойн зах, модны чөлөө, уулын орой, хажуу зэрэгт шинэсэн ба нарсан ойн, үетэн-алаг өвст өндөр уулын хээр, уулын хуурайсаг оройн хэсэг, үетэн-элдэв өвст жижиг толгод бүхий хээр газраар ургадаг болохыг тогтоож, хээрийн бүсийн усалгаатай нөхцөлд тарималжуулж чаджээ. Монгол хунчирыг уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэдэг бөгөөд 170 гаруй эмийн найрлаганд ордог, хүний дархлааг дэмжихэд нөлөөлдөг эмийн ургамал юм.
Түүнчлэн эмийн ургамлын ботаник цэцэрлэгийн цуглуулгаас нэн ховор болон ховор ургамал болох Алтангагнуур, Эгэл-годил, Том навчит дэгд, Сибирь Тэмээн хөх, Дэрвэгэр жиргэрүү, Монгол догар, Ягаан цээнэ, Шар хорс, Их шүүдэргэнэ, Алтайн сонгино, Ацан цахилдаг, Эмийн бамбай, Үнэгэн сүүлхэй, Үлдэн могойн идээ зэрэг ургамлын генийн санг бүрдүүлэх судалгааг амжилттай хийсэн байна. Судалгаанд хамрагдсан 14 төрлийн ургамлыг ургадаг байгалийн орчноос нь авч, тарималжуулах туршилтаар Алтан гагнуур, Ацан цахилдаг, Их шүүдэргэнэ, Монгол догор, Эмийн бамбай, Үнэгэн сүүлхэй лидэр, Ягаан цээнэ, Сибирь ерөндгөнө зэрэг ургамал нь “маш ирээдүйтэй”, Үхэр дэгд ургамал нь “ирээдүйтэй”, Дэрвэгэр жиргэрүү ургамал нь үрийн соёололт удаан бөгөөд нэг соёолон ургавал ичмэл нахиа сайн сууж, хаврын сэргэлт ургалт сайн цэвэр хөрсөнд тарих, Эгэл годил өвс ургамал нь үндэслэг ишээр сайн үрждэг элдэв бохирдолгүй усан болон чийгийн хангамж өндөртэй голын усаар угаагдсан элстэй орчинд ургах боломжтойг тогтоожээ.
Цаашид салбарын яамны зүгээс нь шинжлэх ухаан,технологийн төслийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болон шаардлагатай асуудлын талаар олон талын оролцоот санал солилцох, түүнчлэн төслийн бодит үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байгаа юм.