Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав

015 хаврын чуулган завсарлах гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /долдугаар сарын 6-ны Даваа гарагт/ хаврын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.

        Тус Байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэхдээ:

 DSC_5178       -Ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо 6 удаа хуралдаж, 15 асуудал хэлэлцсэний дээр эдгээр хурлаас 7 тогтоол гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгуулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, 2 удаа сайдын мэдээлэл сонсон, Өргөдлийн байнгын хорооны дүрэм, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцах салбарын хуваарийг шинэчлэн баталлаа.

        2015 оны хаврын чуулганы хугацаанд тус Байнгын хороонд 650 өргөдөл ирүүлсний 124 буюу 19 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 526 буюу 81 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар хандсан өргөдөл байв. Энэ хугацаанд 9889 иргэний өргөдлийг багцлан Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 304 хүсэлт буюу 46.7 хувийг судлан шууд хариу өгч, 176 хүсэлт буюу 27 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 482 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 168 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 194 албан бичиг явуулж, 198 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна гэлээ.

        Тайлант хугацаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээр ахлуулсан Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах, Газрын тосны тухай хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх, УИХ-ын гишүүнС.Ганбаатараар ахлуулсан Бэлчээртэй холбогдсон харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах, УИХ-ын гишүүн О.Содбилгээр ахлуулсан Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд тус тус Байнгын хорооны тогтоолоор байгуулагдан ажиллаж, тайлан, танилцуулгыг хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд одоо ажлын хоёр хэсэг үргэлжлэн ажиллаж байгаа аж.

 DSC_5168       Байнгын хорооны хуралдаанаас 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 6 тогтоол, 3 хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгож, иргэдийн өргөдлөөр тавигдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

        1.Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдан хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх, хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах арга хэмжээ авах болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлан бүлэг болгон тусгах чиглэлийг Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Засгийн газарт өгчээ.

        2.Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт 263730 га газрыг зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар улсын тусгай хэрэгцээнд авсан 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоол нь Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй байх тул уг тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Байнгын хорооны 06 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна.

        3.Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу хилийн боомтод аюулгүй байдлыг хангах болон хяналтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын санал, тооцоо, судалгаа, бодит шаардлагыг үндэслэн, хилийн боомтын шалган нэвтрүүлэх чиг үүргийг Хил хамгаалах ерөнхий газарт буцаан шилжүүлэх асуудлыг тусган Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны 08 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна.

        4.Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатган хариуцлага тооцох, төрийн албан хаагчийг хууль бусаар нь ажлаас нь чөлөөлсний улмаас төсөвт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллах, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, хууль зөрчин томилсон шийдвэрүүдийг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авч ажиллах, төрийн албан улс төрөөс ангид байх зарчимд нийцүүлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны 10 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгожээ.

        5.Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг тогтвортой, тууштай хэрэгжүүлэх, Боловсролын тухай хууль тогтоомжид заасан нийт 9 журам, үлгэрчилсэн дүрэм, стандартыг боловсруулж, батлан мөрдөх, боловсролын сургалтын байгууллагын эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдын 6 настай хүүхдэд боловсрол эзэмшүүлэхдээ амьдрах орчин, асран хамгаалах боломж нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний уламжлалаа хадгалсан ёс суртахуунтай хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, хүүхдийн үлгэрийн, уран зохиолын болон бусад төрлийн номын агуулга, зураг, текстэд стандарт тогтоох, хяналт тавих, мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байнгын хорооны 11 дүгээр тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна.

        6.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөхөд зарцуулсан хөрөнгө, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэр, дахин төлөвлөлтийн ач холбогдлыг иргэдэд тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх ажлын талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг Байнгын хорооны 12 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгов.

        Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлын тухай Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн, Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогтын мэдээллийг сонссон байна.

        Үүнээс гадна Архангай, Баянхонгор, Ховд аймгуудаас ирүүлсэн иргэдийн өргөдлийн дагуу холбогдох компаниудын ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэв.

        Байнгын хорооны 2015 оны 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Газрын тосны тухай хууль тогтоомж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 06 сарын 11-16-ны өдрүүдэд Дорнод аймагт “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тосны олборлолт явуулж байгаа үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан мэргэжлийн байгууллагуудаар хяналт шалгалт хийлгэсэн байна. Мөн 2015 оны 2, 3 дугаар саруудад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

  DSC_5180    Өргөдлийн байнгын хороо 2015 оны хаврын чуулганы хугацаанд “Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаарх 179 иргэний өргөдлийн дагуу Нээлттэй сонсголыг 2015 оны 04 сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Үүнд УИХ-ын 18 гишүүн оролцож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон тус яамд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авилгатай тэмцэх газар зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож тайлбар, мэдээлэл өгчээ.

        Тайлангийн хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд дараах хэлэлцүүлгүүдийг хариуцсан яам, агентлаг, төрийн болон бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулжээ:

  • Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, сайжруулах арга зам;
  • Үлийн цагаан оготны тархалт, үр дагавар, шийдвэрлэх арга зам, Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь, Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тайлан танилцуулах /Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөлтэй хамтран/;
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар;
  • Нийслэлийн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдлийн дагуу Нийслэлийн удирдлагуудтай мэдээлэл авах, санал солилцох уулзалт;
  • Архангай, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл аймгуудын удирдлагуудтай орон нутгийн зам тээвэр, ус, бэлчээр ашиглалт, хамгаалалт, мод бэлтгэл, уул уурхай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын асуудлаар цахим хурал.

        Түүнчлэн иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд 5 удаа ажил хэргийн уулзалтуудыг зохион байгуулж ажилласан байна.

      Тус Байнгын хорооны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд танилцуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар өргөдөл гаргахад зөвлөгөө, мэдээлэл өгөх, саналыг хүлээн авах, хариу өгөх ажлыг Булган, Дорнод, Дорноговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад зохион байгуулжээ. Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээллийг өгөх 5 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …