БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний товчооны дарга Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд хүлээн авч уулзав. Төлөөлөгчид Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийн урилгаар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чин Хуаг дагалдан ирсэн байна.
Монгол Улсаас БНХАУ-д адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргах чиглэлээр хоёр улсын хяналтын байгууллага ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа зарсан нь үр дүнгээ өгч, өнөөдөр дэд сайд нар протоколд гарын үсэг зурах болсонд Ш.Раднаасэд талархал илэрхийлж амжилт хүсэв.
Үүний дараа болсон Газрын дарга нарын түвшний ажлын хэсгийн гуравдахь уулзалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан, БНХАУ-ын ЧХШХЦЕГ-ын товчооны дарга Ли Вэй нар ахлан оролцлоо.
Уулзалтаар мал эмнэлэг, ургамал, хорио цээр зэрэг 11 асуудлыг хэлэлцэн тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал Монгол Улсаас хадлан, малын тэжээл нийлүүлэхтэй холбоотой баримт бичгийг энэ сард багтаан хүргүүлсний дараа БНХАУ-ын тал хянан магадлагаа хийх мэргэжлийн багаа наймдугаар сард ирүүлэхээр тогтлоо.
Мөн адууны дайвар бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тарианы гурил экспортлох, өмнөд хөршөөс төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох үеийн хорио цээрийн шаардлагыг тохиролцох ажлаа эрчимжүүлж техникийн ажлын хэсэг байгуулахаар болов.
Баянхошуу-Өвдөг, Бичигт-Зүүн хатавч боомтоор улаан буудай, рапс, хивэг, өвс, малын тэжээл зэргийг Монгол Улсаас гаргах үед БНХАУ-ын тал хорио цээрийн хяналт, шалгалтын бэлэн байдлаа хангахаар тохиролцлоо. Мөн БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлох чиглэлээр талууд хамтран ажиллахаа илэрхийллээ.