ДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн бямба гаригийн үдэш Чингисийн талбайд цуглаж, “Best of Classic-Open air” тоглолтоороо үзэгчиддээ бэлэг барив. Тус тоглолт өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд анх удаа дээрх талбайд зохион байгуулагдсан билээ. Санаачлагыг “Саунд оф Монголиа” компанийн захирал Х.Дамдинсүрэн гаргаж, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр нэр төртэй өндөрлүүлсэн юм.
Сүүлийн үед манайхан сонгодог урлагт улам дурладаг болсон болохоор үзэгчид ч цагаасаа өмнө ирсэн байв. Тоглолт өндөрлөхөд үзэгчид гайхалтай, “солиоруулам” сайхан боллоо гээд буцаж байсан. Хэрвээ ДБЭТ-ын тайзнаа зохиосон бол 500 хүний суудалтай болохоор арай багадахаар байсан нь тэнд тухласан үзэгчдийн тоог хараад мэдрэгдсэн. Тиймээс Чингисийн талбайг сонгосон байгаа оносон сум мэт болжээ. Тэгээд ч үзэгчдэд аль болох нээлттэй сонирхуулахыг зохион байгуулагчид урьтал болгосон байв. Өнгөрсөн жилийн хувьд 2500 хүн үзсэн. Бүгд л ам сайтай байсан. Харин энэ жил 3500-4000 үзэгч цугласан нь дараа жил болох энэ тоглолт үзэгчээр ахих нь дамжиггүй. Дээрх тоглолтод дэлхийн шилдгийн шилдэг 28 бүтээл эгшиглэсэн юм.