Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа
– Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах талаар тодорхой төлөвлөгөө гарган зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллах,
– Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заавал бүрдүүлэх,
– Сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог бэлчээрийн даацад тулгуурлан нутгийн өөрөө удирдах байгууллага, хамгаалалтын захиргаадтай тохиролцон гэрээ байгуулан зохион байгуулах,
– Малчин өрх бүрийг малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, түлээ түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлийг нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнсээ базаах зэргээр өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах,
– Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан, цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, түргэн тусламжийн машин, багаж, хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх, орон нутагтаа болон отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээг үзүүлэх хуваарийг гарган аймаг, сумын эмнэлгийг бэлэн байлгах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Өвөл, хаврын улиралд зам давааг байнгын нээлттэй байлгахад шаардлагатай хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.
Агаарын хуурайшилтаас үүдэн бэлчээрийн ургамлын ургац муудах, тариа, ногооны болцод сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж гангийн нөхцөл бүрдсэн үед эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулан дүгнэлт гаргуулах, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах, мал сүргийг гантай нутгаас отроор нүүлгэн шилжүүлж оторлох зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллаж байхыг Шадар сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт даалгалаа.
Мал сүргийн тоо толгой хэт их өсч, бэлчээрийн даац, тэжээлийн хүрэлцээ хангамжид муугаар нөлөөлөх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор амьд малын болон махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт үүрэг болголоо.
Төв, суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа
Эрчим хүчний үйлдвэрүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.
Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 20-оос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй найдвартай хангах арга хэмжээ авч, нүүрс нөөцлөлтийн графикийг гарган, мөрдөж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нарт даалгалаа.
“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн найдвартай ажиллагааг хангах үүднээс эвдэрсэн турбингенераторыг шинэчлэн солих ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгаж, энэ ажилд шаардлагатай байгаа хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт зөвшөөрлөө.
Аймгийн төвүүдийн дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, дулааны шугам сүлжээний ээлжит засвар, угаалга, туршилт тохируулгыг ирэх 9 дүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний дагуу ус хангамж, ариутгах татуургын системд их болон урсгал засвар хийж, шугам угаалга, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх явцад хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын байгууллагуудын барилгын ажлын засварыг хугацаанд нь дуусгах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 70 дугаар тогтоолоор төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай зохион байгуулах зарчмыг баримтлан төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх саналыг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.
Дээр дурдсан шийдвэрийг үндэслэн чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, санхүүгийн хүндрэлтэй үед зардал хэмнэх зорилгоор Хилийн боомтын тухай хуульд заасан Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын хэрэгжүүлж байгаа зарим чиг үүргийг цаашид гаалийн байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх чиглэлээр Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийн УИХ-д өргөн мэдүүлнэ
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын хилийн тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульд хэрэглэсэн нэр томъёог олон улсын эрх зүйн зарчим, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага бий болж байна.
Хуулийн төсөлд хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 км-ээс илүүгүй байхаар тусгажээ. Түүнчлэн хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил үйлдвэрлэл явуулах тохиолдолд ХХЕГ-аас хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгож байгааг өөрчилж хилийн анги, салбарт мэдэгдэж, бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрх нь үүсэхээр зохицуулалтыг тусгасан байна.
Олон улсын урлагийн наадам, уралдаан тэмцээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд шагнал олгоно
Их Британийн ВВС агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the Word” уралдаанд үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж эх орноо дэлхий дахинд сурталчилсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинд 20 000 000 төгрөгийн мөнгөн шагнал, ОХУ-ын Санкт-Петербург, Москва хотод зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 15 дугаар уралдаанд оролцож онцгой амжилт гарган Гран при шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт 80 000 000 төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо. Шагналд шаардагдах хөрөнгийг олон улсын тэмцээнд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох урамшууллын зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.
Товч мэдээ
– Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбоглуулан бусал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
– Монгол Улсын Шадар сайдын урилгаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Фрэнсис Гарригийн 2015 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд хийх ажлын айлчлалыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.
– Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн АНУ-д 2015 оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
– Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад цахим виз нэвтрүүлэх тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад цахим виз нэвтрүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хяналт тавихыг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад тус тус даалгалаа.
– Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
– УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
– Усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулахыг бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, байнгын хяналт тавьж ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт даалгалаа.
– “Хог хаягдлын норматив тогтоох аргачлал”-ыг баталлаа. Тус аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн дэмжлэгээр хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгалаа.
– “Уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулах тухай журам”-ыг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.