Монгол Улсын их хурлын 2015 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө

Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өнөөдөр /2015.07.10/ өндөрлөлөө. Хуралдааны эхэнд баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонссоны дараа Улсын Их хурлын дарга З.Энхболд 2015 оны хаврын чуулганыг хааж үг хэллээ.

Өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэн баталжээ.

DSC_6558Хаврын чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг” болон эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн томоохон хуулиуд батлагдсаныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ дурдсан. Тэрбээр, “Төрөөс аж үйлдвэр, эрчим хүчний талаар баримтлах бодлого, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг шинээр баталж, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойллоо.

Үндэсний үйлдвэр стандартын шаардлага хангасан бараагаар дотоодын хэрэгцээг хангах боломжтой тохиолдолд гадаадын бараа нийлүүлэгчийг тендерт шалгаруулахыг хориглох, эх орондоо үйлдвэрлэж байгаа 370 орчим нэр төрлийн импортын бараанд ногдуулж байсан 5 хувийн гаалийн албан татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх, түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг болгох өөрчлөлтийг холбогдох хуулиудад хийж, дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг батлах, гаалийн албан татварын хувь хэмжээг барааны онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олголоо. Ингэснээр түүхий болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүнийг гадгашаа гаргах урсгалыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын 10 саяын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэнд худалдан авалтандаа төлсөн НӨАТ-ын 2 хүртэл хувийг буцаан олгохоор боллоо” гэж хэлсэн юм.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Энэ 7 дугаар сарын 29-нд Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан, 9 дүгээр сард Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсаны 25 жилийн түүхт ойг тэмдэглэж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн гишүүн болон ажиглагч 72 улсын 400 орчим төлөөлөгч оролцсон намрын чуулганыг Монгол Улсад зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад эрхэм гишүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байна гээд Монголын нийт ард түмэндээ баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Ugluu-logo2015 

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …