Ц.Элбэгдорж: 3 улсын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна

CC4O2409МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ

Уфа хот, 2015 оны 7 дугаар сарын 9

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын санаачлагыг дэмжин, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит уулзалтыг зохион байгуулж байгаад баяртай байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний хоёрдугаар уулзалтыг зохион байгуулж байгаа оросын тал, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд талархал илэрхийлье.

Гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалтын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал, мөн гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай Санамж бичиг” болон бусад баримт бичгийг ажлын журмаар тохирч, гарын үсэг зурахад бэлэн болгоод байна.

Улмаар гурван талт хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болно Монгол Улс нь хоёр хөрштэйгөө улс төрийн болон газар нутгийн ямар нэгэн маргаангүй бөгөөд ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түвшинд, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түвшинд хөгжүүлж, хамтын ажиллагааны бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

Улс төрийн өнөөгийн нэн таатай харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь манай гурван талын ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзнэ. Энэхүү боломжийг ашиглан хөрш орнуудын хамтын баяр -Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд урьж оролцуулсанд болон ирэх 9 дүгээр сард Бээжин хотноо болох 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойд урьсанд талархал илэрхийлье.

Монголын тал ч чухал ач холбогдол өгч, уг ойг энэ оны 8-9 дүгээр сард тэмдэглэхээр бэлтгэж байна.

Ирэх 9 дүгээр сард Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурах саналтай байна.

Үүнд:

  • “Дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”/UNCTAD/.
  • “Авто замын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр”/UNESCAP/.
  • Гурван талын тээвэр-логистикийн хамтарсан компани байгуулах тухай холбогдох байгууллага хоорондын ерөнхий хэлэлцээр.

Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд дараах тодорхой ажлыг хэрэгжүүлэх саналтай байна.

Үүнд:

  • Гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах зорилго бүхий гурван талын тэгш оролцоотой төсөл, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулах. Энэхүү саналыг Та бүхэнд ажлын шугамаар хүргүүлэх болно.
  • Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос, Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах нөхцлийг тохирох.
  • Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах.
  • Гурван улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах.
  • Монгол Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУ-аас авч буй импортын цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг урт хугацаанд тогтвортой байлгах, цаашид бууруулах чиглэлд хамтран ажиллах.

Дээр дурдсан асуудлыг ажил хэрэг болгох зорилгоор тогтмол механизм болон хөгжиж буй Гадаад хэргийн болон Тээврийн дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтууд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Манай гурван улсын хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин, бодит агуулгаар баяжина гэдэгт итгэлтэй байна.

Ирэх 2016 онд АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг манай улс хүлээн авна. Энэ үеэр Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Владимир Владимирович, Эрхэм хүндэт дарга Си Зиньпин нартай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна.

Эцэст нь, Та бүхнийг миний санаачилсан, Уфа хотод 7 дугаар сарын 1-нээс нээгдсэн гурван улсын зураачдын “Дань Миру” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ -ын чухал механизмын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн дээд түвшний хоёр дахь уулзалтыг амжилттай зохион байгуулсан оросын тал, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …