Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр /2015.07.16/ Япон Улсын Олон Улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга болон албаны бусад хүмүүс байлцав.
Уулзалтын эхэнд Япон Улсын Олон Улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Кунинори Такаги, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр “Япон, Монгол хоёр улс нь харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй бөгөөд олон салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүгээс тавьсан хамтран ажиллах саналын дагуу Япон Улсын Олон Улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын их сургуулийн төлөөлөгчид ирээд байна. Манай сургууль Вьетнам, Хятад, Мьянмар, Кени зэрэг улсад эмнэлгийн байгууламж барьж өгөх, мөн тэдгээр орны эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг сургах тал дээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Бид Япон, Монгол хоёр орны эрүүл мэнд болон боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэлээд олон ажил төлөвлөөд байна” гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувьд хоёр улсын эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийж буй бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал болон эрүүл мэндийн салбарын талаар товч танилцуулж, Япон Улсын Олон Улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын их сургуулийн төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Эрүүл мэндийн салбарын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Япон Улсын анагаах ухааны чиглэлийн их, дээд сургууль Монголд үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх, мөн Япон Улсын эмнэлгийн байгууллагууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн ямар зохицуулалттай байдгийг тодруулсан төлөөлөгчдийн асуултад Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга хариулт өгсөн юм. Тэрээр Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй байдгийг тэмдэглээд цаашид харилцан ашигтай байдлаар өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно гэлээ.
Мөн боловсролын салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар харилцан ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.