Баяр наадмын өдрүүдэд улсын хилийн хэсгээр хээрийн болон ой хээрийн түймэртэй байлаа. Тухайлбал, Дорнод аймаг буюу Хилийн 0306 ангийн хариуцсан хэсэгт улсын хилээс 2,4 километрт энэ сарын 10-ны өдөр аянга буусны улмаас 13 км өргөн, 16 км урт нийт 20.800 га талбайг хамарсан тал хээрийн түймэр гарчээ. Хээрийн түймрийг унтраахад тус ангиас гурван бүлгийн 15 хүн, орон нутгаас мөн бүлэг гарч оройн 22.50 цагт бүрэн унтрааж цурманд оруулсан байна.
Мөн долдугаар сарын 9-ний өдөр Хилийн 0243 дугаар ангийн Зэлтэрийн заставын чиглэлд гарсан ой хээрийн түймэр нь цурамнаас гарч дараах өдрийн 14.00 цагийн үед дахин гал асч улсын хилд 20 м тулжээ. Улмаар заставын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч Б.Чинзоригоор ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг, Түшиг сумын болон аймгийн Онцгой байдлын газраас томилогдсон бүлгүүд түймрийн голомтод ажиллан оройн 18.00 цагт түймрийг дахин цурманд оруулсан байна. Уг түймрийн уршигаар ойролцоогоор 200 га талбай шатсан хохирол учраад байгаа юм.
Энэ сарын 15-ны өдөр Дорнод аймгийн хилийн хэсгээр буюу хилээс 23 км орчим зайд Хоёр мэлхийт нэртэй газарт хээрийн түймэр гарч байгааг хилийн дугаар заставын харуулын дарга, дэд түрүүч Д.Анхбаяр илрүүлж хилийн заставт яаралтай мэдэгдсэн байна. Ингээд хилийн анги болон заставаас хоёр бүлгийн 19 хүн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн өргөн нь 40 км, урт нь 30 км талбайг хамарч улсын хилээс 1-3 км зайтай хилийн дугаар тэмдгээр хилд тулсан байдалтай асч байсныг хилчид шуурхай ажилласны эцэст унтраалаа.