Амралт зугаалгын улирал эхэлж, мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орж буй борооны улмаас иргэд төөрч алга болох, усанд живж амиа алдах дуудлага өдөр бүр бүртгэгдэх болсныг албаны хүмүүс хэлж, ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Үүнтэй холбоотойгоор алга болсон, усанд живсэн иргэдийг авран хайх ажиллагааг явуулсаар байна. Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн нутаг “Буга боодог” гэдэг газар амарч явсан 74 настай эрэгтэй Б өнгөрсөн бямба гаригт өдрийн 12:00 цагийн орчим уул руу гараад ирээгүй байна. Түүнийг тус багийн Засаг дарга Мягмардоржоор ахлуулсан морьтой зургаан иргэн мөн өдрийн 17:00 цагаас эхлэн эрэл хийж, мөн тэр шөнөө нийт 16 хүн эрэл хийгээд олоогүй учраас онцгой байдлын албанд дуудлага өгчээ. Ингээд аймгийн онцгой байдлын газрын есөн албан хаагч, нэг автомашинтайгаар тухайн бүс нутаг руу өчигдөр явж, эрэл хийж байна.
Мөн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улаан шороот багийн Хар цохио гэдэг газар иргэн Б /71 настай, эрэгтэй/ сураггүй болсон тухай мэдээллийг өчигдрийн 21:05 цагт /21:30 цагт/ тус тус хүлээн авч Орон нутгийн 12 иргэн, нэг автомашин, хоёр мотоциклтой эрэн хайж байна.