Фэйсбүүк хэрэглэгч залуус групп дээрээ хог bucket challenge зарлажээ. Дүрэм нь энгийн бөгөөд тухайн хүний дуудсан хүн нь гурав хоногийн дотор гурван уут хог түүж зургаа фэйсбүүкийн групптээ оруулж, дараагийн хүмүүсээ дуудна. Энэхүү олон нийтийн ажилд залуус сүүлийн үед идэвхтэй оролцож байгаа юм. Тухайлбал, хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн XVI хорооны Хүүхэд залуучуудын холбооны залуучууд тус аянд нэгдэж баяр наадмын өдрүүдээр Тэрэлж орчмын хогийг цэвэрлэжээ. Мөн залуус сайн дураараа энэхүү аянд нэгдэж оршин суугаа газрынхаа ойр орчмыг цэвэрлэсээр байна. Тус аяны хүрээнд зарим хүн шинэ санал, санаачилгыг гаргажээ. Фэйсбүүкийн Нямка Нямкаа нэртэй хэрэглэгч гурван хоногийн дотор хог түүсэн зургаа олон нийтийн цахим сүлжээнд амжиж оруулахгүй бол ТҮК-ийн гурван ажилтанд тус бүр 5000 төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн авч бэлэглэх саналыг дэвшүүлсэн байна. Үүнийг нь ч фэйсбүүк хэрэглэгчид дэмжиж байгаа юм. Нийслэлийн иргэн бүр энэхүү аянд нэгдэж гурван уут хог түүгээд байвал Улаанбаатар удахгүй хоггүй болно. Хотын иргэд ч тэдний ажлыг дэмжиж гудамж талбайд ил задгай хог хаяхгүй байх нь аяныг дэмжиж буйн нэг хэлбэр болох юм.