Бразилийн Сан Пауло хотноо 2015 оны наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн тэмцээнд манай улс анх удаагаа оролцох гэж байна.
Олон орны шилдэг залуу мэргэжилтнүүд өрсөлддөг энэхүү тэмцээнд манай улсаас 23 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор ирэх сарын 4-5-нд Бразилийг зорих юм.
Мэргэжлийн ур чадвараараа дэлхийд өрсөлдөх гэж буй багийнханд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг амжилт хүсч, Монгол Улсын төрийн далбаа гардууллаа.
Урлаг, спортынхон тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцдог байсан бол одоо Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, баялгийн эзэд болсон гагнуурчин, токарьчин, үсчин, гоо сайханч, мужаан, цахилгаанчин, тогооч, өрлөгчин, хавтанцар наагч залуучууд төрийнхөө далбаан дор нэгдэж, улсынхаа нэрийг дуурсгахаар болсонд талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Үүрэг хариуцлагаа ухамсарлан, атгасан гар шиг хүчтэй байж, ухаалаг, самбаатай, ур чадвараа гайхуулан өрсөлдөж, амжилт гарган эх орныхоо нэрийг дуудуулж аав ээж, багш нар, ард олныхоо сэтгэлийг баярлуулна гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Засгийн газрын шийдвэрээр дэлхийн ур чадварын тэмцээнд манай баг анх удаа оролцох гэж байна. Манай залуучууд 9 мэргэжлээр өрсөлдөнө. Анх удаа оролцож байгаа ч гэсэн монгол ажилчин залуучууд маань амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Дархан хүн бурхан ухаантай гэж манай ард түмэн хэлдэг. Оюуныхаа бядаар, гарынхаа ур чадвараар олон орны залуучуудтай өрсөлдөж улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, амжилт гаргана гэдгээ баг тамирчдынхаа өмнөөс Ерөнхий сайдад илэрхийлж байна гэж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэллээ.
Оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг сорьдог энэхүү тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Бразилд болох энэ удаагийн тэмцээд дэлхийн 60 гаруй орны 1200 залуус 50 гаруй мэргэжлээр ур чадвараа сорих юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.