Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан сургалт дадлага явуулахаар боллоо. Энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заах юм. Хамтарсан сургалтын нээлтийн ажиллагаа өнгөрсөн ням гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болсон бөгөөд Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори манай улсад айлчлахтай энэхүү арга хэмжээ давхацсан. Ноён Ниши Масанорийн айлчлалын зорилгуудын нэг нь хоёр орны цэргүүдийн хамтарсан сургуулилтыг эхлүүлэх явдал байсан юм.
Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн 15 гаруй инженерүүд манай Зэвсэгт хүчний 20 гаруй алба хаагчдад зам барих арга барилаа өнөөдрөөс эхлэн зааж байна. Ингэхдээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн орчимд 200 метр замыг дадлага болгон хамтран барихаар сургуулилтаа эхлүүллээ. Хамтарсан сургуулилт ирэх есдүгээр сарын 15-нд өндөрлөнө.
Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори “2010 онд Монгол Улсад айлчилж байлаа. Тэр үед би яамныхаа Гадаад хамтын ажиллагааны дарга байсан. Өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга болоод Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байна. Бид энх тайван байдлын төлөө санаа зорилго нэгтэй ард түмэн. Тэр ч утгаараа бүх салбар хамтран ажиллаж байна. Мэдээж Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байгааг онцлох учиртай. Манай улс анх удаа энэ жил “Хааны эрэлд” олон улсын сургуульд өөрийн цэргийн багаа оролцууллаа. Цаашдаа илүү хамтран ажиллана гэдэгтээ илтгэлтэй байна” гэсэн юм.