Түр зуурын бороо үерийн аюулыг сануулав

7-21-4a4_700x700Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зарим дүүрэг, тэр дундаа гэр хорооллын зарим айл үерийн усанд автжээ. Ялангуяа хотын төв хэсгээр нэлээд устай бороо орсон бол Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт үерийн усны улмаас автозам хаагдаж, зарим газар машин явах аргагүй болжээ.

Нийслэлд үерт автах эрсдэлтэй 2800 гаруй айл байгааг холбогдох  газрууд нь тогтоосон байдаг.  Үүнээс Баянгол дүүрэгт 122, Баянзүрх дүүрэгт 803, Хан-Уулд 328, Сүхбаатарт 434, Чингэлтэйд 462, Сонгинохайрханд 669 айл усанд автах эрсдэлтэй гэдгийг албаныхан хэлж байсан. Өчигдөр бид Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт очиж, байдал ямар байгааг сурвалжилсан юм. Биднийг очиход, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байдал харьцангуй тайван байв. Усархаг бороо хотын төвөөрөө орсон учир зурагт, дэнжийн мянга орчмын гэр хороолол, тэндэхийн  гуу жалга харьцангуй ус багатай байв. Харин Баянгол дүүргийн дунд зам  буюу бидний ярьж заншсан модны хоёрын зам битүү усаар дүүрч, явган хүн зам хөндлөн гарах нь битгий хэл, машин явахад хүртэл хүндрэлтэй болжээ. “Цаг орчмын өмнө энэ хавиар явахад ус нь гайгүй байсан, 20-30 минутын дараа буцаад ирэхэд нэлэнхүйдээ усаар дүүрсэн байна. Энэ хавийн зам нэлээд хотгор, дээрээс нь ус зайлуулах хоолойгүй учраас амархан усаар дүүрдэг. Зам нь ч бартаа ихтэй” гэдгийг жолооч нар хэлж байв.

Түр зуурын усархаг бороо өчигдөр 13:00 цагийн орчимд орсон. Бид 15:00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай албаны жижүүрээс үерийн дуудлага хэр ирж байгааг асуусан юм.  “Баянзүрх, Чингэлтэй  дүүргээс 5-6 дуудлага ирсэн. Усархаг бороо хотын төвөөрөө орсон учир үер, усны дуудлага харьцангуй цөөхөн байна. Гэхдээ ойрын өдрүүдэд бороо, хур элбэгтэй байгаа учраас  иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй” гэсэн юм. IV хорооллын дунд замаар цааш өгсөөд Гэмтлийн эмнэлгийн уулзварт ирвэл байдал түүнээс ч дор угтав.

Баянгол дүүргийн гэр хороолол нэлээд өндөрлөг газар байрладаг, дээрээс нь уулын ам, үерийн далан шуудуу дагаж үерийн ус нь урсдаг. Тийм болохоор  Гэмтлийн эмнэлгээс уруудсан зам битүү усаар дүүрчээ. Зам дагаж урссан үерийн ус Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг нэгдүгээр хорооллын арын замтай холбосон шинэ уулзвар руу урсаж, “Саппоро”-гийн арын зам “усан бассейн” болжээ. Суудлын жижиг тэрэг, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг микроавтобуснууд уснаас гарч чадалгүй хэд гурваараа таг гацаад зогсчихож. Хүнээ үүрч замын хажууд гаргах, машинаа уснаас гаргах олс, татуурга хайсан хүн цөөнгүй байна. Мөн энэхүү түгжрээ нь  дээрх замаар явдаг том оврын автобус, хүнд даацын тэрэг явахад саад болж, ар араасаа түгжрэл үүсгэжээ. Үерийн усанд боогдсон, машинаа усанд сойсон иргэдтэй уулзвал, “Цаг агаар харсан ч ийм их устай бороо орно гэж санасангүй. Олс татуургаа байнга авч явах ёстой юм байна. Энэ хавийн зам цагийн дотор л усаар дүүрсэн. Хүүхэд, хөгшид жирэмсэн хүнээ машинаасаа зөөж буулгасан” гэж байв.

Б.ТУУЛ

  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

“Усыг энх тайвны төлөө” сайн бүтээлийн эзэд шалгарлаа

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Амгалан дэлхий” ТББ хамтран дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Усыг …