УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал одоо 15:00 цагт эхлэх гэж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тавьсан хоригтоо “УИХ-аас 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр баталж, мөн өдрийн 16.00 цагт ёсчилсон Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэнтэй танилцлаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны долоодугаар сарын 5-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна” гэсэн юм.
Л.Бадрах ugluu.mn